Марафонд түрүүлсэн хүн дүрст роботын ашиглалтын талаар танилцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 17 /Kyodo/. Бээжингийн хүн дүрст роботын хагас марафон гүйлтийн тэмцээнд түрүүлсэн робот нь үйлдвэрлэл, логистик, гэр ахуй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зэрэг олон салбарт хэрхэн ажиллах боломжтой талаар Хятадын гарааны компани баасан гарагт танилцуулжээ.
Өнгөрсөн сард 20 баг өрсөлдсөн тэмцээнд 2 цаг 40 минутын
амжилтаар нэгдүгээр байр эзэлсэн “Tien
Kung” роботыг зохион бүтээгч компани нь жимс таваглах, агуулахын логистикийн даалгавруудыг гүйцэтгэх зэрэг роботын функцүүдийг
гадаадын хэвлэл мэдээллийнхэнд үзүүлсэн байна.
Бээжингийн Хүн дүрс роботын инновацын төвийн ажилтан сэтгүүлчдэд
мэдээлэхдээ, “Tien Kung” нь ирээдүйд хамгийн хурдан робот болоод зогсохгүй хамгийн үр
ашигтай робот болно гэж найдаж байна гэжээ. Энэхүү роботыг хүмүүсийн хувьд хэт
аюултайд тооцогддог даалгавруудыг гүйцэтгэх, мөн ажлын бүтээмж, үр ашгийг
дээшлүүлэхэд туслах зэрэг янз бүрийн зорилгоор ашиглах боломжтой гэдгийг тэрбээр
нэмж хэлжээ. Мөн уг робот нь налуу зам, элс, өвс, хайргатай гадаргуу дээр алхах
чадвартай байна.
АНУ-тай технологийн салбарт хүчтэй өрсөлдөж буй Хятад улс хиймэл
оюун ухаант хүн дүрст робот, шинэ эрчим хүчний эх үүсвэрт авто машин зэрэг
дэвшилтэт бүтээгдэхүүнүүдийг бүтээх ажилд ихээхэн анхаарал хандуулж байна. Ирэх
наймдугаар сард Бээжин хотод Дэлхийн хүн дүрст роботын спортын наадмыг зохион
байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд роботуудын спортын ур чадвар, багаар
ажиллах чадвар зэргийг шалгах
зорилготой хөнгөн атлетик, гимнастик, хөл бөмбөгийн тэмцээнүүд болох ажээ.