ЗАВХАН: Олон улсын музейн өдрөөр өв соёлоо таниулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн музейн хамт олон олон улсын музейн өдрийг өв соёлоо таниулах өдөр болгож сумдад ажиллажээ.
Эрдэнэхайрхан сумын Соёлын төвийн орон нутаг судлах танхимын дэглэлтийн талаар зөвлөн тусалж, “Буган чулуун хөшөө", "Үйчүүр" боловсролын хөтөлбөрийг зохион байгуулж 100 гаруй хүн оролцсон байна.
Буган чулуун хөшөө боловсролын хөтөлбөрт Эрдэнэхайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангийн 68 сурагч оролцож, соёлын биет бус өвийн талаарх мэдлэг ойлголтоо нэмлээ. Оролцогч хүүхдүүд буган чулуун хөшөөний талаарх сонирхолтой мэдээлэл, баримтын тухай мэдэж, буган чулуун хөшөөний онцлог түүхийг харуулсан бүтээлүүд урласан. Мөн ЮНЕСКО-гийн дэлхийн өвд Монгол улсын нутаг дэвсгэр дэх буган чулуун хөшөөг бүртгэсэн талаарх мэдээлэл болон гарал үүсэл, ангилал, он цагийн талаар сонслоо. Эрдэнэхайрхан сумын хөдлөх, үл хөдлөх, соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын талаарх мэдээллийг танин мэдлээ. Орон нутгийнхаа буган чулуун хөшөөний талаарх мэдээллийг таньж мэдсэнээр хэрхэн хамгаалах талаар үзэл бодлоо хуваалцлаа.
Энэ сургалт хөтөлбөр нь хүүхэд, залуучуудад түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой юм.
Эртний нүүдэлчид,
бидний өвөг дээдэс ямар соёл уламжлалтай байсан талаарх сонирхолтой судалгаа,
түүхийг таниулах сургалт хөтөлбөрийн оролцогчид идэвхтэй оролцож, өөр
баримтуудыг биднээс асууж байсан нь сайшаалтай юм.
Мөн насанд хүрэгчдэд зориулсан "Үйчүүр" боловсролын хөтөлбөрт 30 гаруй төрийн албан хаагч, иргэд хамрагдлаа. Тус хөтөлбөрөөр дамжуулан насанд хүрэгчдэд уламжлалт монгол наадгайн онцлог, тоглох арга аргачлалыг таниулдаг. Монголчуудын тоглоом наадгайн бүтэц, тоглох арга, цаг хугацаа, ёс бэлгэдэл нь нэгэн цул болсон ардын билиг ухааны биеэ даасан мэдлэг, уламжлал болж өнөөдрийн бидэнд хадгалагдан, өвлөгдөж ирсэн байна. Үүний нэг нь үйчүүр юм.
Үйчүүрээр нааддаг хүмүүс багаар ажиллах, түргэн сэтгэх, шийдвэр гаргах, цээжээр зөв бодох, тооцоолох чадварыг эзэмшдэг. Тиймээс ардын уламжлалт уг наадгайгаа илүү олон хүнд таниулах, өвлүүлэн үлдээх нь чухал учраас бид боловсролын хөтөлбөрөөр дамжуулан иргэдэд таниулдаг уламжлалтай.
Үйчүүр нь цагаан сарын шинийн нэгэнд тоглодог хүндтэй тоглоомын нэг бөгөөд шооны нүд болгон нь урам зориг, хийморь бэлгэдлийг илэрхийлдэг. Хөзрийн эртний хэлбэр хэмээдэг энэхүү тоглоомыг нутаг нутагт өөрөөр хийсэн нь ажиглагддаг. Нийтлэг нь цаасан үйчүүр бөгөөд өнгө өнгийн будгаар арслан, бар, ирвэс, нохой, үнэг, буга, харцага, хүдэр, туулай, бялзуухайн дүрс бүхий 134 ширхэг мод, 512 лангийн үнэлгээтэй амьтад байдаг.
Амьтдыг ямар нэгэн хэв загварт баригдалгүй уран сайхны зохиомжтойгоор өнгө ялган дүрсэлдэг. Мөн тэмээний яс, модон дээр амьтдыг сийлж хийсэн нь эдэлгээ удаан бөх бат байдаг. Энэ наадгайг хэдэн ч хүн тоглож болох ба олуулаа бол тоглогчид тэгш тоотой хоёр баг болон талцан тоглох бөгөөд бүх модоо дундаа өрж, отгон эсвэл ахмадаасаа эхлэн нар зөв тойруулан аяган дотор 4-6 шоог ээлжлэн орхино. Шооны нүдний өнгө нь улаан, хар байдаг.
Одоо хэрэглэдэг
шоотой ижил боловч улаан, хар нүдний өнгө зөрүүтэй. Буусан улаан, хар нүдний
нийлбэрээс хамааран лангаар үнэлэгдэх амьтдаас авна. Зарим нь буцааж өгөх буюу
торгуулах, шооны нийлбэрт нь таацах амьтан байхгүй бол өнжих зэрэг тохиолдол
гардаг.
Бас шооны нүдний нийлбэр үнэг, нохой буувал торгуультай. Өмнө цуглуулсан амьтдаасаа буцаан тавьдаг. Амьтад тус бүр үнэлгээтэй учир бүх амьтан дуусахад хамгийн их лан цуглуулсан хүн хождог. Арслан хамгийн том мод. Арслан авсан хүн хожигдвол "хамуурлаа" гээд гурван жил авдартаа хадгалдаг уламжлалтай юм. Манай музейгээс дээрх хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн бусад суманд хүргэх юм гэж Завхан аймгийн музейгээс мэдээлэв.
Эрдэнэхайрхан сумын орон нутаг судлах танхимыг дэглэхэд зөвлөн туслав
Үйчүүр боловсролын хөтөлбөр