Хятадад үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжилсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-05-20 15:22:19

БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 20 /NHK/. Өнгөрсөн сард АНУ нэмэлт гаалийн татварууд ногдуулсантай холбоотойгоор Хятадын аж үйлдвэрийн өсөлт саарчээ. Хэдийгээр энэ сард Хятад, АНУ хоёр харилцан тогтоосон татваруудаа эрс бууруулах тохиролцсон боловч тодорхой бус байдал үргэлжилсээр байна. 


БНХАУ-ын Үндэсний статистикийн газраас мэдээлснээр, өнгөрсөн сард аж үйлдвэрийн үйлдвэрлэл өнгөрсөн оны дөрөвдүгээр сарынхтай харьцуулахад 6.1 хувиар өссөн нь гуравдугаар сарынхтай харьцуулахад 1.6 хувиар удааширсан үзүүлэлт юм.


Түүнчлэн үл хөдлөхийн зах зээлийн уналт үргэлжилсээр байгааг статистикийн шинэчилсэн мэдээ харуулжээ. Энэ оны эхний дөрвөн сард үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 10.3 хувиар буурсан байна.


Шинэ орон сууцны үнэ 70 том хотын 45-д нь буурсан нь сарын өмнөх үзүүлэлтээс дөрөв дахин их байна. Энэ нь томоохон хотуудын бараг гуравны хоёрт нь үнийн уналт ажиглагдаж байна гэсэн үг юм.


АНУ, Хятад хоёр улс харилцан тогтоосон татваруудаа 90 хоногийн хугацаанд түр зогсоож, энэ хугацаанд худалдааны яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон юм. Гэсэн хэдий ч яриа хэлэлцээ амжилтгүй болсон тохиолдолд маргаан дахин үргэлжилж магадгүй гэсэн болгоомжлол байсаар байна. 



Холбоотой мэдээ