"Дундчуудын нийгэм: Умардын хөгжлийн загвар” цомгийн нээлт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Ахмад дипломатч, доктор Б.Энхмандах, түүний охин, МУИС-ийн ахлах багш, доктор Э.Энхчимэг нарын хамтын бүтээл “Дундчуудын нийгэм: Умардын хөгжлийн загвар” цомгийн нээлт өнөөдөр ГХЯ-нд боллоо.
Б.Энхмандах нь Шведийн Хаант Улсад Монгол Улсын Элчин сайдын яамыг анхлан байгуулахад гар бие оролцож, 2009-2013 оны хооронд Элчин сайдаар ажиллах хугацаандаа умардын орнууд буюу Скандинавын орнуудын хөгжлийн загвар, тэдгээрийн онцлогийн талаар олон нийтэд ойлголт өгөх зорилгоор цувралаар бичиж эхэлсэн байна.
Өнгөрсөн хугацаанд тэрбээр “Нийгмийн хөгжлийн загварын тухай”,
“Дундчуудыг түшин хөгжих хөгжлийн хандлага ба Монгол орон” бүтээлээ хэвлүүлж,
олны хүртээл болгожээ. Мөн “Сайхан амьдруулах жор: Умардын орнуудын туршлага”, “Дани
загвар: Европын амжилтын түүх” номыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр хөрвүүлсэн аж.
Тэдгээр дөрвөн бүтээлийг нэгтгэн хэвлүүлсэн нь өнөөдрөөс уншигчдын гар дээр очиж буй дээрх цомог юм. Уг цомогт орсон бүтээлүүдийг уншсанаар жирийн уншигч умардын загвар гэж юу болох, түүний давуу болон сул тал зэрэг олон талын мэдлэг, ойлголттой болох юм. Өөрөөр хэлбэл, шударга, нээлттэй, дундаж давхаргынхан зонхилсон олон улсын энэхүү загварыг Монгол Улсын хөгжлийн чиг баримжаатай уялдуулахад буруудах зүйлгүй гэж Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Б.Энхмандах энэ үеэр онцоллоо.
“Непко” хэвлэлийн газарт хэвлүүлсэн цомгийн дээжээс Гадаад харилцааны яам, Монголын Элчин сайд нарын клуб, МУИС зэрэг байгууллага болон нээлтэд хүрэлцэн ирсэн хүмүүст гардуулав.