СҮХБААТАР: Төслийн хүрээнд өсвөр үеийнхэн 133 сая төгрөгийн санхүүжилт авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны
тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Японы Хүүхдийг ивээх сангийн хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох” төслийг тус аймагт 2020-2025 онд таван жилийн турш үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлж албан ёсоор хаалаа.
Мөнххаан, Баяндэлгэр, Онгон, Эрдэнэцагаан суманд хэрэгжүүлсэн уг төсөлд ерөнхий боловсролын дөрвөн сургууль, Мэргэжлийн боловсролын сургууль болон Насан туршийн суралцахуйн дөрвөн нэгж хамрагдлаа.
Төсөл хэрэгжих хугацаанд ЕБС-ийн 861 сурагч, зорилтот сумдын сургуулиас гадуурх 14-25 насны 198 хүүхэд, залуу, МБС-ийн 116 суралцагч ESEL хөтөлбөрт хамрагдаж хувь хүний ур чадваруудаа хөгжүүлжээ.
Мөн 498 хүүхэд, залуус төслөөс жил бүр зарладаг “Бичил санхүүжилт олгох төслийн уралдаан”-д оролцож 44 багийн 200 сурагч, сумын залуус эцсийн шалгаруулалтад тэнцэн 133
сая төгрөгийн санхүүжилт авч, төслүүдээ хэрэгжүүлэх замаар сургалтаас олж авсан мэдлэгээ бататгаж, ур чадваруудаа хөгжүүлсэн байна.
Хаалтын үйл ажиллагааны гол ач холбогдол нь төслийн үр дүнг танилцуулж, төсөл хэрэгжүүлж амжаагүй сумдын төлөөлөгчдөд арга зүйг илтгэл мэдээллээр түгээж, төслийн үр шимийг цаашид хэрхэн тогтвортой байлгах, төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх арга замаа хамтдаа хэлэлцэн, тодорхойлоход байлаа. Сүхбаатар аймагт төслийг цаашид хэрэгжүүлэх тогтвортой байдлын стратеги, аймгийн засаг даргын Боловсролын сайдтай байгуулсан гэрээнд тусгагдан хэрэгжиж эхэлснээр хөтөлбөр бүх дотуур байранд хэрэгжиж эхлээд байна. Мөн төслийг хэрэгжүүлэх хугацаанд зорилтот бүлгийн хүүхэд залуучууд өөрсдийн төслөөрөө болон тэднийг удирдан чиглүүлэн ажилласан төслийн зөвлөлийн гишүүдийн хичээл зүтгэлээр аймаг орон нутагтаа материаллаг болон оюуны бүтээлээрээ 494 сая төгрөгийн санхүүжилтийг авч чадсан нь бидний таван жилийн ажлын үр дүнг илтгэнэ гэж төслийн менежер Ө.Марал ярилаа.