К.Мбаппе анх удаа “Алтан шаахай”-н эзнээр тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-05-26 09:43:06

МАДРИД, 2025 оны тавдугаар сарын 26. /ТАСС/. Европын хөл бөмбөгийн холбооны /УЕФА/ бүрэлдэхүүнд багтдаг улс орнуудын аварга шалгаруулах тэмцээнүүдийн шилдэг довтлогчид олгодог “Алтан шаахай” шагналыг “Реал Мадрид”-ын довтлогч Килиан Мбаппед олгохоор шийдвэрлэжээ.


Тэрбээр энэ улиралд Испанийн аварга шалгаруулах тэмцээнд 31 гоол /62 оноо/ оруулжээ.


Эцсийн мөчид франц хөлбөмбөгчнийг гүйцэж түрүүлэх боломж “Ливерпүүл” ба Египетийн шигшээгийн довтлогч Мохаммед Салахт байсан бөгөөд тэрбээр Английн аварга шалгаруулах тэмцээний сүүлчийн тойргийн тоглолтод дөрвөн гоол оруулах ёстой байв. Гэвч тэрбээр ганцхан гоол оруулснаар нийт 29 гоолтойгоор /58 оноо/ тэмцээнийг дуусгаж, шилдэг довтлогчдын жагсаалтын гуравдугаарт бичигджээ. Хоёрдугаарт бичигдсэн “Спортинг” багт тоглодог Шведийн довтлогч Виктор Дьёкереш Португалын аварга шалгаруулах тэмцээнд 39 гоол оруулсан боловч уг тэмцээнд оруулсан гоолд 1,5 оноо өгдөг байна. Харин Англи, Испанид 2 оноо өгдөг ажээ.


Өдгөө 26 настай К.Мбаппе анх удаагаа “Алтан шаахай”-н эзэн болж байна. Өнгөрсөн оны зун “Реал”-д шилжин ирсэн тэрбээр ийнхүү эхний улиралдаа уг шагналыг хүртлээ.  2015 онд К.Роналду “Алтан шаахай”-н эзэн болсноос хойш “Реал”-ын тоглогчид уг шагналыг хүртээгүй байсан юм.


“Алтан шаахай” шагналыг 1968 оноос хойш олгож байгаа бөгөөд түүнийг хамгийн олон удаа хүртсэн довтлогч бол Аргентины Лионель Месси /6 удаа/ юм. Удаад нь Роналду /4/ бичигдэж байгаа бол бусад довтлогчид 2-оос илүүгүй удаа хүртсэн байна.


Өнгөрсөн 2024 оны “Алтан шаахай”-н эзэн бол Германы “Бавариа”-гийн англи довтлогч Харри Кейн бөгөөд тэрбээр 36 гоол оруулжээ.  

Холбоотой мэдээ