БУЛГАН: Багачууд үлгэрийн баатруудтай нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрөөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-06-02 14:30:55

Булган, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Булган аймгийн Нийтийн номын сангийн ажилтнууд хүүхэд багачуудынхаа хайртай үлгэрийн баатрууд болох "Үнсгэлжин" үлгэрийн гүнж, "Frozen" үлгэрийн Элса, Анна, "Аладины шидэт дэнлүү" үлгэрийн Жасмин, "Нойрсож буй гүнж" үлгэрийн шидэт дагинуудын дүрүүдэд хувирлаа.


Номын санчид өөрсдийн гараар хувцас хэрэглэлээ урлаж оролцдог бөгөөд жил бүр ном зохиол, үлгэрийн баатруудын дүрд хувирч, хүүхэд багачууддаа сурталчлан таниулах энэхүү ажил маань зургаар түүх болон үлддэг билээ. Хамт зургаа авхуулах хүүхдүүд тэр бүү хэл насанд хүрэгчид ч дуртай байдаг нь бидний ажилд урам өгдөг хэмээн ярилаа.


Мөн Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын хамт олон “Буратино” хүүхдийн жүжгээ тоглож, 980 хүүхэд үзэж сонирхсон байна.  

                                                                                                                                    

1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж, 1925 онд Женевт болсон хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан байна.


1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэжээ.


Энэ өдрийг тохиолдуулан бяцхан үрс өөрсдийн сурч мэдсэнээ толилуулж, хүсэл мөрөөдлөө бусадтайгаа хуваалцан өргөн дэлгэр тэмдэглэлээ. 


Булган аймаг 19328 өрхийн 17 насны 21783 хүүхэдтэй. Энэ жил 5 дугаар ангийг 1189, 9  дүгээр ангийг 904, 12 дугаар ангийг 668 сурагч төгсөж байна.


















Холбоотой мэдээ