МОНЦАМЭ, Туркменистаны “TDH” агентлаг хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-06-02 14:02:34

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг Туркменистаны Төрийн мэдээллийн “TDH” агентлагтай хамтран ажиллах тухай Санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурав.


Хоёр орны хэвлэл мэдээллийн салбар дахь хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад ихээхэн ач холбогдолтой тус Санамж бичигт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос, Туркменистаны “TDH” агентлагийн захирал Мердан Газакбаев нар гарын үсэг зурлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын айлчлалын хүрээнд 14 бичигт гарын үсэг зурсны  нэг нь тус Санамж бичиг юм.


Санамж бичгийн хүрээнд хоёр орны мэдээллийн агентлагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, улс төр, нийгэм, эдийн засаг, бизнес, аялал жуулчлал, түүх, соёл урлаг зэрэг олон салбарын мэдээ мэдээллийг харилцан солилцох, нийтлэл нэвтрүүлгийг өөрсдийн сувгаар түгээх өргөн боломж бүрдэж байгаа юм. Мөн сэтгүүлч, мэргэжилтнүүдийн дунд сургалт зохион байгуулах, туршлага солилцох, харилцан айлчлах зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж, талуудын хамтын ажиллагааг илүү идэвхжүүлэх зорилго тавьж байна.


Туркменистаны төрийн мэдээллийн “Turkmenistan Today” агентлаг нь тус улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, спортын салбарын мэдээллийг туркмен, орос, англи хэлээр түгээдэг. Тус агентлагийг анх Ашхабадыг Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Туркмен Улсын нийслэлээр зарласны дараахан 1924 онд Туркменистаны телеграфын агентлаг нэртэйгээр нээсэн. Түүнээс хойш өдгөөг хүртэл Туркменийн мэдээллийн агентлаг "Туркменинформ", "Туркмен-пресс" гэх мэтээр нэрлэгдэж ирсэн тус агентлаг 2014 оны 11 дүгээр сарын 20-нд Туркменистаны Төрийн мэдээллийн агентлаг (TDH) нэртэй болсон юм.

  

Холбоотой мэдээ