Туркийн засгийн газрыг эсэргүүцэгчид жагсав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-06 10:45:38

АНКАРА. /Kyodo/. Туркэд сөрөг хүчнийхнийг баривчилж байгааг эсэргүүцэн тус улсад төдийгүй Европын хэд хэдэн улсад хэдэн мянган хүн жагсаал хийлээ.

Курдын талыг баримтлагч, сөрөг хүчний Ардын ардчилсан намын хоёр удирдагчийг парламентын бусад гишүүдийн хамт баасан гарагт Туркийн аюулаас хамгаалах хүчнийхэн баривчилсан юм. Мөн засгийн газрыг шүүмжилдэг нэгэн сонины эрхлэгч болон ажилтнуудыг өчигдөр баривчилжээ.

Үүнтэй холбоотойгоор  Истанбул хотод тус сонины байрны гадна өчигдөр цугласан хүмүүс “Засгийн газар сэтгүүл зүй болон үг хэлэх эрх чөлөөг шоронд хорилоо” гэж хашгирцгааж байв.

Мөн үүнээс гадна хэдэн зуун хүн, тэдний дотор курдууд Туркийн эрх баригчдыг шүүмжлэн Истанбул хот даяар жагсчээ. Цагдаа нар тэднийг нулимс асгаруулагч хий цацаж, усан буугаар шүршиж тараажээ.

Туркэд энэ оны долдугаар сард цэргийн эргэлт хийхийг оролдсоноос хойш эсэргүүцэгчид болон сөрөг хүчнийхэн, тэдний дотор цэргийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулсан гэгдэж буй лалын шашны номлогч Фетулла Гуллены хөдөлгөөний гишүүдийг дарах ажиллагааг эрчимтэй өрнүүлсээр байгаа юм.

Парис хотод оршин суудаг 2000 орчим курд хүн бямба гарагт мөн Туркийн Засгийн газрыг эсэргүүцэн жагсчээ. Тэд “Туркэд ардчилалд халдаж, хүний эрхийг зөрчиж байгааг европчууд зогсоохыг хүсч байна” гэж байлаа.

Герман болон Грект мөн Туркийн засгийн газрыг эсэргүүцэгчид жагсаал хийсэн байна.


Г.Доржханд

Холбоотой мэдээ