Ховд их сургууль 37 дахь жилийн хичээлээ нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
montsame_user@montsame.mn
2015-09-04 15:32:57

Монгол орны баруун бүс нутгийн боловсрол, шинжлэх ухааны төв болсон Ховд их сургууль /ХИС/ 37 дахь жилийн хичээлээ нээлээ.

1979 онд байгуулагдаж байсан хөдөөгийн ууган их сургууль үйл ажиллагааныхаа 30 гаруй жилийн хугацаанд багш болон багш бус мэргэжилтэн бэлтгэж баруун бүс нутгийн боловсон хүчний 70-80 хувийг бүрдүүлж ирсэн байна.
ХИС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн нээлтэд сургуулийн удирдлага, хүндэт доктор, профессор багш нар, оюутан залуусаас гадна Ховд аймгийн ЗДТГ-ын дарга, доктор дэд профессор Б.Батмөнх, Токиогийн их сургуулийн Гадаад судлалын их сургуулийн профессор Хироши Футаки нар хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Боловсон хүчний эгнээнээсээ Төрийн соёрхолт 2, гавьяат багш 10-аадыг төрөн гаргасан ХИС-д энэ хичээлийн жилд элсэгчдээс ЭЕШ-ийн дээд оноо авсан нэлээд хэдэн сурагч байгаагийн зарим төлөөлөл нээлтийн үеэр сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн батламжаа гардан авлаа.
Тус сургуулийн НХУС-ийн Түүх, нийгэм судлалын багшийн ангид эллсэн Б.Буянзаяа сургалтын төлбөрийн 100 хувь, Эрх зүйн ангид элссэн Б.Лхамноржин, БШТС-ийн Газарзүй байгаль шинжлэлийн ангид элссэн М.Баярмаа, ГХСС-ийн Сургуулийн өмнөх боловсролын ангид элссэн Д.Цогзолмаа, Б.Энхцэцэг, БШТС-ийн Биологи байгаль шинжлэлийн ангид элссэн Д.Бямбадулам нар байж, тус тус 70 хувийн хөнгөлөлтийн батламж авчээ.
Нээлтэд хүрэлцэн ирсэн оюутнуудад сургуулийн хүндэт профессор багш Б. Даваадорж бие даан сурахын ач холбогдолыг чухалчилсан өөрийн сургаалийг хэлж, тэдэнд сурлагын амжилт хүслээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд