ХОВД: Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 29 ажил хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Ховд аймагт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.
Энэ жил тус аймагт улсын төсвийн 127.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 29 төсөл үйл ажиллагаа хэрэгжиж байгаа юм.
Мөн орон нутгийн төсвийн 29.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 101 төсөл, үйл ажиллагаа хэрэгжиж байна.
Өөрөөр хэлбэл, гэр хорооллын бүсэд инженерийн шугам сүлжээ тавих, Үйлдвэрлэл технологийн парк байгуулах, сумдад сургууль, цэцэрлэг барих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах, ундны усны хоёр дахь эх үүсвэртэй болох гэх мэт олон ажил өрнөж байна.
Эдгээр ажил нь иргэдийн амьдрах орчныг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг гээд орон нутгийн бүхий л салбарын хөгжлийг дэмжихэд чиглэж байгаагаараа онцлогтой.
Орон нутагт хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажилд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар тэргүүтэй мэргэжлийн байгууллагын төлөөлөл хяналт тавьж, зөвлөмж чиглэл өгч байна.
Ихэнх бүтээн байгуулалтын ажлын явц 40-өөс дээш хувьтай явж байна. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Жаргалант суманд барьж буй Зургаадугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажлын явц одоогоор 48 хувьтай байгаа бол Цэцэг сумын Эрүүл мэндийн барилгын ажлын явц 60 гаруй хувьтай байна. Мөн олон угсаатны театрын барилгын явц 70 хувьтай байгаа бол кино театрын барилгын ажил нь 80 хувьтай үргэлжилж буй.