Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулахаар хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД“Явуулын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах” төслийг 2015 оноос эхлэн Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймагт хэрэгжүүлж, өнөөдөр үр дүнгээ хэлэлцэж, бодлогын зөвлөмж гаргалаа.
Уг төслийн зорилго нь орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх хүрээнд хүрч үйлчлэхэд бэрхшээлтэй, алслагдсан бүс нутгийн хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд чиглэж байна.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд А. Цогцэцэг хэлэхдээ, манай улсын эмнэлгийн анхны тусламж, түүний дотор хөдөөгийн болон алслагдсан нутгийн хүн ам, малчдад үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь төрийн бодлогын анхаарлын төвд байдаг. Манай улс шиг өргөн уудам газар нутагтай, хүн амын нягтаршил багатай, нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэнд хүрч үйлчлэхэд энэхүү явуулын тусламж үйлчилгээ үр дүнгээ өгч байгааг хэлээд, цаашид гарах зөвлөмжийг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Мөн БНЧУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гроллова хэлэхдээ, “Манай улсад мөн адил алслагдсан тосгонууд байдаг. Тус тосгоны хүүхдүүд нь сургуульдаа хүрч чадахгүй гэрээр хичээллэдэг. Харин эмч нарын хувьд хэдэн цаг ажиллах нь чухал биш хүндээ хүрч үйлчлэх нь чухал. Цастай үед ч, шөнө ч байсан халаадаа өмсөөд ажиллахад бэлэн байдаг. Анх манай улсад яаралтай тусламж үзүүлэх тоног төхөөрөмж ч хангалтгүй байсан бол өнөөдөр нисдэг тэргээр үзүүлдэг болсон. Тиймээс манай улсын туршлага та бүхэнд нэмэр болно гэдэгт итгэж байна” гэв.
ЭМЯ, ДЭМБ болон БНЧУ-ын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэй Каритас Чех Репаблик болон Пипл ин Нийд Олон улсын байгууллага хамтран тус төслийн хүрээнд баруун таван аймгийн 16628 малчин ард иргэдэд 8-10 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг хийх ажлыг зохион байгуулж, шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлжээ гэж ЭМЯ-наас мэдээллээ.