Дорно дахины музейд дорнын гар бичмэл болон номын гэрэл зургийн үзэсгэлэн гарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-09 12:07:38

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын ШУА-ийн Санкт–Петербург хот дахь Дорнын гар бичмэлийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж буй гар бичмэл болон номын гэрэл зургийн «Книги монгольских кочевников. Путешествие во времени и пространстве» үзэсгэлэнг 11 дүгээр сарын 2-8-ны өдөр ОХУ-ын Дорно дахины музейн үзэсгэлэнгийн танхимд гарган, үзэгчдэд толилуулав.

Үзэсгэлэнг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ОХУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид 11 дүгээр сарын 4-ний өдөр үзэж сонирхов.

Дорно дахины музей нийт 147 мянга гаруй үзмэрийн сантай бөгөөд зочид Алс дорнод, Ойрхи дорнод, Азийн орнууд, ОХУ-ын Буриад, Чукоткийн соёлын өвтэй танилцав. Түүнчлэн тус музейд 1998 онд нээгдсэн Монгол Улсын соёлын өвд хамаарах үзмэрүүд бүхий танхимыг үзэж, сонирхов.

Холбоотой мэдээ