Дархан сумын бүх байгууллагууд хаягаа монгол бичгээр бичнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-09 13:57:30

Дархан-Уул аймгийн  ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 онд анх үндэсний бичиг соёлыг дээдлэх тухай уриалга гаргаж баталж, сумынхаа бүх төрийн байгууллага, багуудад хэрэгжүүлж ажиллахыг сум, багийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Энэ ажлын хүрээнд сумын бүх төрийн байгууллагууд хаягаа Монгол бичгээр хангалттай сольж тавьсан бөгөөд оны эхний хагас жилийн байдлаар төрийн байгууллагуудын 70 гаруй хувь нь хаягаа Монгол бичгээр бичсэн гэсэн судалгаа гарчээ. Ялангуяа сургууль, цэцэрлэг, бүх багууд бүрэн шинэчилсэн байна. Мөн хувийн хэвшлийн байгууллагууд ч идэвхтэй ажиллаж хаягаа монгол бичгээр давхар бичиж тавьж байгаа ажээ.

"Сумын ЗДТГ-ын хувьд бүх өрөө тухайлбал албан тушаалтнуудын нэр хаяг бүрэн Монгол бичгээр бичсэн хаягтай болсон. Бид уг уриалгадаа бүх байгууллагууд хаягаа Монгол бичгээр бичихийн зэрэгцээ кирилл болон бусад бичгээр давхар бичихийг зөвшөөрсөн байгаа. Сумын хэмжээнд энэ ондоо багтаж төр, хувийн хэвшлийн бүх байгууллагуудыг Монгол бичгээр бичсэн хаягтай болох хөдөлгөөнийг өрнүүлээд ажиллаж байна” гэж Дархан сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Болдбаатар ярилаа.

                                                                Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ