ДОРНОГОВЬ: "Тэнгэрийн хутагт" соёлын фестиваль зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-09-04 10:08:42

Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Их соён гэгээрүүлэгч, говийн V дүрийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн “Тэнгэрийн хутагт” соёлын  фестивалийг есдүгээр сарын 19-20-нд Дорноговь аймгийн аялал жуулчлалын төв болох Хамарын хийдийн ойролцоо зохион байгуулна.


Соёлын фестивалийн үеэр “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийг тоглохоос гадна говь нутгийн онцлог, сайхныг харуулсан язгуур урлаг хийгээд орчин үеийн урлагийн бүтээлүүдийг нэг дор үзэгчдийн хүртээл болгох юм.


Эл бүжгэн жүжгийг анх 2023 онд Ноён хутагтын мэндэлсний 220 жилийн ойгоор олны хүртээл болгож байсан бөгөөд хөгжмийг МУГЗ Ш.Өлзийбаяр, цомнолыг МУСГЗ Л.Эрдэнэбат, ерөнхий найруулагч болоод бүжиг дэглээчээр СТА Х.Хашхүү, ерөнхий зураачаар МУЭ-ийн гишүүн зураач Д.Ганпүрэв нар ажиллаж байжээ. 


Ноён хутагтын амьдралыг түүний бага залуу нас хийгээд нийгмийн оюун санаанд хүчтэй нөлөөлсөн оюуны бүтээл туурвилтай нь хослуулан бүжиг хэлбэрээр үзэгчдэд хүргэсэн нь шинэлэг бөгөөд сонирхолтой болсон байдаг. Ирсэн зочин гийчдэд зориулж монгол үндэстний оюун санаа, өв соёл, зан заншил язгуур мөн чанар, говь нутгийн байгалийн онцгой гоо сайхны тухай, бясалгал, төвлөрөл, гэгээрэлд хөтлөх лекц, ном айлтгал, чөлөөт цагаа сонирхолтой өнгөрөөх олон төрлийн  үйл ажиллагааг нэгэн дор цогцлоон хүргэхээр төлөвлөжээ.


“Тэнгэрийн хутагт” фестивалиар дамжуулж дотоодын болон олон улсын зочдод Хутагтын гүн ухаан, уран бүтээлийг таниулан сурталчлах, нийгмийн оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулах зорилготой юм. 


Холбоотой мэдээ