NYT: Бэлгийн Боинг онгоцыг шинэчлэн тоноглох зардлыг нууцалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 28 /DW/. Катар улсаас өөрт нь бэлэглэсэн “Boeing 747-8” онгоцыг ерөнхийлөгчийн тусгай онгоц (Air Force One) болгон ашиглахын тулд хийх засварын зардлын хэмжээг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нуун дарагдуулжээ.
Тэрбээр уг онгоцыг шинэчлэн засах зардлыг АНУ-ын Цөмийн зэвсгийг шинэчлэхэд зарцуулах Пентагоны зардалд оруулан нэмсэн гэж “The New York Times” сонинд Конгрессын төсвийн хяналтын газрын дүгнэлт болон нэрээ нууцалсан эх сурвалжуудын мэдээллийг эш татан ням гарагт бичсэн байна.
Тус сонинд бичсэнээр, Д.Трамп уг онгоцыг Катарын хааны гэр бүлээс хүлээн авснаас хойш хэсэг хугацааны дараа Пентагоны удирдлага улсын төсвөөс “Sentinel” гэх нууц төслийн хүрээнд 934 сая доллар хүссэн байна. Албан ёсоор бол уг төслийн зардлыг газарт байрлах Америкийн хуучирсан цөмийн пуужинг шинэчлэхэд зориулсан гэж тайлбарладаг. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ зардлын ангиллыг улсын төсөв дэх хамгийн нууц заалтуудын нэг хэмээн үзэж байна.
АНУ-ын Конгрессын Төсвийн хяналтын газрынхны үзэж байгаагаар, Пентагонд шилжүүлсэн 934 сая доллар нь тус улсын цөмийн зэвсгийг шинэчлэхэд бус харин Д.Трампын онгоцыг дахин тоноглох ажилд зарцуулагдах нь “үндсэндээ ойлгомжтой” гэж "The New York Times" сонинд бичжээ. Катар улсаас бэлэглэсэн “Boeing 747-8” онгоцыг шинэчлэн засварлахад энэхүү санхүүжилтээс хэдийнээ ашиглаж эхэлсэн гэх мэдээллийг Агаарын цэргийн хүчний нэрээ нууцалсан төлөөлөгчид сэтгүүлчидтэй ярилцахдаа баталсан байна.
Мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар, АНУ-ын Ерөнхийлөгч өөрт нь бэлэглэсэн онгоцыг ойрын хугацаанд ашиглах боломжгүй байна. Онгоцыг ерөнхийлөгчийн хэрэгцээнд зориулан дахин тоноглож, шинэчлэхэд хоёр жил хүртэлх хугацаа шаардагдах ажээ. Гэтэл АНУ-д үйлдвэрлэсэн цоо шинэ “Boeing 747-8” онгоц ойролцоогоор 400 сая долларын үнэтэй байдаг ажээ. "The New York Times" сонинд "Катарын бэлэглэсэн онгоц бол хөрш нь гэр рүүгээ орох замыг чөлөөлөхийн тулд өгсөн хуучин машинтай адил" хэмээн зүйрлэжээ.