Батноровчууд уран бичлэгийн сумын анхдугаар уралдаан зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-11-09 18:00:26

Хөлөг Боорчийн төрсөн нутаг Хэнтий аймгийн Батноров сумын соёлын төвөөс санаачлан "Мөнх тэнгэрийн бичиг-2016" уран бичлэгийн сумын анхдугаар уралдааныг зохион байгуулжээ.  

Тус уралдаанд нийт 46 оролцогч бүтээлээ ирүүлснээс сумын ЕБС-ийн бага ангийн багш Э.Ганзул, сумын ЗДТГ-ын санхүү албаны төрийн сангийн мэргэжилтэн А.Борчулуун, сумын ЭМТ-ийн П. Лхагважав даргатай хамт олны хамтын бүтээлүүд тус тус шилдгээр шалгарсан байна.

“Монгол түмний бүтээсэн их өв соёлын нэг нь үндэсний монгол бичиг мөн бөгөөд мянган жилийн түүх шаглахдаа уран, сайхан, таталган, гүйлгэн гээд бичлэгийн олон төрөл маяг бүхий бүхэл бүтэн урлаг болон цогцолжээ. Дэлхийн даяаршил, нийтийн соёл дэлгэрч буй өнөө үед үндэсний утга соёл, ялангуяа монгол үндэсний соёлын сан болсон, эзэн Чингис хааны илгээсэн босоо монгол бичгийг дэлгэрүүлэн хөгжүүлэх үйлс нэн тулгам байна. Энэ их хэрэгт тус болохын тухайтад энэхүү уралдааныг зохион байгуулж байна” хэмээн тус сумын соёлын төвийн эрхлэгч Г.Цэцэгсүрэн ярьлаа.

Цаашид "Мөнх тэнгэрийн бичиг" уран бичлэгийн уралдааныг Батноровчууд жил бүр уламжлал болгон сумын Засаг даргын ивээл дор зохион байгуулж байхаар болжээ.

Хэнтий Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ