ХОВД: Үенч суманд гарсан ой хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-08-04 12:42:42

Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Үенч сумын Улиаст багийн нутаг, “Баян салааны зуухт” гэх газарт ой, хээрийн гал түймэр гарсныг өчигдөр 11:20 цагт бүрэн унтраажээ.

Тодруулбал, Үенч сумын Улиаст багийн нутаг дэвсгэрт 2025 оны наймдугаар сарын 1-ний өдрийн 14:45 цагт ой, хээрийн түймэр гарч байна гэх дуудлага Баруун бүсийн төв - Ховд аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ.  


Улмаар Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч П.Бямбадоржоор ахлуулсан ажлын баг, сумын мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, наймдугаар сарын 3-ны өдрийн 11:20 цагт гал түймрийг бүрэн унтраалаа.

Тухайн газар нь хөвд ихтэй, харгай модтой ба  гал гарсан голомтоос 3.5 км зайд машин зорчих боломжгүй учраас алба хаагчид явганаар ус зөөж, гал  унтраах үйл ажиллагаа зохион байгуулжээ.

Уг гал түймэр нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байж болзошгүй тул Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна.

Ташрамд, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу гал түймрийн эрсдэл гаргасан иргэнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог.

Ойрын өдрүүдэд халуун, хуурайшилт их, гал түймэр гарах эрсдэл өндөр байгаа учраас иргэдийг хүрээлэн буй орчныхоо аюулгүй байдлыг сайтар хангаж, асаасан цогтой үнс нурмыг бүрэн унтраах, татсан тамхины иш, чүдэнзийг хаяхгүй байхыг Ховд аймгийн Онцгой байдлын газраас зөвлөлөө.  

Холбоотой мэдээ