НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын XVII бага хурлын логог батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-08-19 15:17:06

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/.  Улаанбаатар хотноо ирэх оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) албан ёсны логог Монгол Улс болон тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар батлав.


Лого нь эв нэгдэл, харилцан итгэлцлийн үрийг хамтдаа тарьж, доройтсон газрыг дахин сэргээх чиглэлд хамтран ажиллахыг уриалж буй санааг агуулжээ. Өөрөөр хэлбэл, логонд монгол орны соёл, уламжлалыг агуулсны сацуу цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх шийдлийг улс орнууд хамтдаа эрэлхийлэх НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын эрхэм зорилгыг илэрхийлж байгаа юм. 


Дүрслэлийн дээд хэсэгт байрлах дугуй хэлбэр нь нарны туяа мэт алсран цацарсан байдалтайгаар монголын уламжлалт тэнгэр шүтлэгийг илтгэж, мөнх хөх огторгуйг бэлгэднэ. Энэ нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын дүрслэлтэй нийцэж, хүн төрөлхтний өмнө тулгарч буй байгаль орчны сорилтуудын шийдлийг илэрхийлж буй. Төв хэсэгт монгол гэрийн хэлбэрийг тодруулан, оройд нь гэрийн тулгуур болох тооныг дүрсэлжээ. Тооно нь хүн, байгалийн зохицлыг бэлгэдэж нүүдэлчдийн амьдралын ухаан, газар хөрс нь эх орон, өв соёлын тогтвортой байдлыг харуулж байгаа юм.


Доод хэсэгт орших гарын дүрс нь байгаль дэлхийдээ энэрэнгүй хандах, хамгаалах, хариуцлагыг бэлгэдэх бөгөөд алганд нь ногоон соёо нахиалуулсан байгаа нь тэсвэртэй, шинэчлэн сэргэж буй дэлхийг илэрхийлжээ. Эдгээр дүрслэл нь COP17 бага хурлын гол зорилгыг илэрхийлж, товчдоо гагцхүү хамтын хүч чармайлт, өвөрмөц мэдлэг, хариуцлагын хүчээр газрын доройтлоос үүсэх сорилтыг боломж болгон хувиргаж чадна гэсэн агуулга юм. 


Монгол Улсын газар нутгийн 75 гаруй хувь нь хөрсний доройтолд өртсөн тул “Тэрбум мод”үндэсний хөдөлгөөн, “Цагаан алт” хөтөлбөр, “Хүнсний хувьсгал” хөрс-хөдөө аж ахуйг сэргээх үндэсний хөдөлгөөнөөр дамжин газрын хөрсийг сэргээхийг тэргүүлэх чиглэлээ болгосон. COP17 бага хурлыг зохион байгуулснаар олон улсын хэмжээнд туршлага хуваалцах, мөн газар хөрсний доройтол, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол зэрэг харилцан уялдаатай хямралыг хамтран шийдэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааг ахиулах боломж бүрдэнэ. 


COP17 бага хуралд НҮБ-ын 197 улс орны төлөөлөгч, эрдэмтэн судлаач, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, ган гачигт тэсвэртэй байдал, газар хөрс сэргээх зорилтуудыг ахиулна. Тус хурал нь Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-тэй уялдаж, бэлчээрийн тогтвортой менежмент, тэдгээр экосистемээс шууд хамааралтай нэг тэрбум гаруй хүний хэрэгцээ шаардлагыг онцолж байгаа явдал юм.

Холбоотой мэдээ