“Дружба” хоолой хэвийн ажиллаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-20 16:28:20

БРАТИСЛАВ, 2025 оны наймдугаар сарын 20 /DW/. Украины армийн дайралтад өртөн зогсоод байсан нефть дамжуулах “Дружба” хоолойгоор дахин нефть хүлээн авч эхэлсэн тухай Словакийн Эдийн засгийн яам өчигдөр орой мэдэгджээ.


Мөн тус хоолойгоор нефть хүлээн авах ажил сэргэсэн гэж Унгарын тал мэдэгдсэн байна. Тус улсын Гадаад хэргийн ба гадаад эдийн засгийн харилцааны сайд Петер Сийярто ОХУ-ын Эрчим хүчний нэгдүгээр орлогч сайд Павел Сорокинд талархал илэрхийлээд, Украины тал цаашид тус хоолойд цохилт өгөхгүй хэмээн найдаж байгаагаа дурджээ.


Украины арми 18-нд шилжих шөнө Оросын Тамбов муж дахь нефть шахах “Никольское” станцад цохилт өгсний улмаас Оросын нефтийг Төв Европын хэд хэдэн улс руу зөөвөрлөдөг нефть дамжуулах “Дружба” хоолойн үйл ажиллагаа зогссон байна. Энэ үед Оросын тал трансформаторын станцыг аль болох богино хугацаанд засаж сэргээнэ гэж амалжээ.


Нефть дамжуулах “Дружба” хоолой нь Беларусийн Мозырь хотоос эхлэн хоёр салаалдаг. Хойд шугам нь Беларусь, Латви, Литва, Польш, Германы нутгаар, өмнөд шугам нь Украин, Унгар, Словак, Чехийн нутгаар дайран өнгөрдөг.


Одоогийн байдлаар зөвхөн Унгар, Словак хоёр өмнөд шугамаар Оросын нефтийг авч байна. Харин хойд шугамаар Казахстаны нефтийг зөөвөрлөж байгаа ажээ. Казахстаны Эрчим хүчний яамнаас өчигдөр мэдээлснээр, Украины армийн цохилтын дараа Герман руу хийж буй нийлүүлэлт тасалдаагүй ажээ.  


Орос-Украины дайн дэгдсэнээс хойш “Дружба” хоолойн ажиллагаа хэдэнтээ тасалдсан юм. 

Холбоотой мэдээ