Леди Гага “Тrump Tower"-ын гадаа эсэргүүцлээ илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sarnai@montsame.mn
2016-11-10 16:36:13

ВАШИНГТОН. /billboard/. Хиллари Клинтоныг дэмжигч Холливудын одууд Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болж сонгуульд ялсныг ихэд эмзэглэн хүлээж авсаар байна.

Алдарт дуучин Леди Гага Трампыг эсэргүүцэн “Трамп цамхаг”-ын гадаа цэвэрлэх байгууламжийн автомашины дээр “'Love Trumps Hate" гэсэн бичигтэй самбар өргөн зогсч байжээ.

Үүний дараагаар тэрбээр хар өнгийн тансаг зэрэглэлийн “Rolls-Royce Phantom” машин дотроо нэлээд сэтгэл нь хөдөлсөн байдалтай залбирч байгаа мэт сууж байсан нь гэрэл зурагт буусан байна.

Сонгууль болсон өдрийн шөнө дунд тэрбээр өөрийн “твиттер” хуудсаараа дамжуулан “Америкийн төлөө залбираарай” хэмээн жиргэж байв.

Мөн Д.Трампыг сонгуульд ялалт байгуулахаас хэдхэн цагийн өмнө жүжигчин, дуучин Деми Ловато сонгуулийн талаар нэлээд ноцтой наргиа хийснийхээ төлөө уучлалт гуйсан байна.

Клинтоныг дэмжигч тэрбээр өчигдөр “заримдаа чи хүсэхгүй байсан ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болдог” гэж  Д.Трампын хэлсэн зартай үгнүүдээс иш татжээ.

Фэнүүдийнхээ ширүүн эсэргүүцэлтэй тулгарсны дараа Д.Ловато өөрийн жиргээг устгаж дараа өдөр нь фэнүүдээсээ уучлал гуйн “сонгууль тийм ч чухал зүйл” биш гэдгийг хэлэхийг хүссэн хэмээн ярьсан аж.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ