БУЛГАН: Анхны хошуудын сургууль байгуулахад хоёр түм таван мянган лан зарцуулж байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Ардын засгийн газрын үеэс буюу зуун жилийн өмнө ч хүүхэд багачуудынхаа сурч боловсрох үйл хэргийг тууштай дэмжиж Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаас хувцас хэрэглэл хоол хүнсийг адил тэгш олгодог байжээ.
Ардын засгийн газрын 1924 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр шинээр байгуулсан Ардын гэгээрүүлэх яам нь:
1. Иргэдийн бичиг үсэг үл мэдэх явдлыг хурдавчлан арилгах
2. Ажилчин ардын багачууд хүүхдийг сургаж хүмүүжүүлэх сургуулиудыг дэлгэрүүлэх, тэднийг ажлын хандлагатайгаар хүмүүжүүлэх
3. Түр болон тогтмол сургуулиудын сургалтын хөтөлбөр арга зүйг боловсруулах удирдах
4. Бага дунд сургуулийн багш нар болон олон нийтийн гэгээрэл, боловсролын ажилтныг бэлтгэх, давтан сургах, тэдний мэргэжил чадварыг дээшлүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлж байжээ.
Богд хан уулын Эрдэнэ дайчин засгийн хошууны анхдугаар хурал 1924 оны наймдугаар сарын 13-нд болж хошуунд сургууль байгуулахаар хэлэлцсэн байна. “Бага сургуулийн ёсоор хөвгүүд, охидыг харьяат хошууны 16 суманд адил тэгш хуваарилан сургуулийн тэнхим нээж, бичиг үсэгт боловсруулан сургаж, улс гэр ба уг хошууны дэвших хойчийг сайжруулан боловсруулах зэрэг хэрэгт нэмэр болсугай“ хэмээгээд сургууль байгуулах зардалд хоёр түм таван мянган лан зарцуулах шийдвэр гаргажээ.
Ийнхүү тэр оны 11 дүгээр сард Булган хан уулын хошуунд анхны сургуулийг нээн байгуулаад өдгөө 100 жил болж байна. Сум бүрээс хошууны сургуульд сурахаар томилогдон ирсэн 30 гаруй сурагчтай анхны багшаар Бадамжав, Цэнд нар ажиллаж байжээ.
1925 оны намар Багш нарын хоёрдугаар хурал Улаанбаатар хотод болж сургуулиудын байшин, хоол хүнс дутмаг байдлыг хэлэлцэж, Булган хан хошууны сургуулийг оролцуулаад 13 танхимын сургуулийн хүүхэд бүрд дараах хангалтыг тогтмол олгож байх болжээ.
Үүнд дотуур өмд, цамц, тэрлэг, хавар, намрын хөвөнтэй дээл, үстэй өмд, зувцаа дээл, тус бүр хоёр, зун өвлийн малгай гутал нэжгээдийг өнгө байдал ижил, шинэ эдээр адил үйлдүүлэн сольж өмсгөх ба алчуур бүс зэргийг гүйцэлдүүлж байхаас гадна баяр ёслол жагсаалын өдөр өмсөх нимгэн жигд, адил шинэ хувцсыг хадгалж, цаг тухайд өмсгөж байх.
Байшин үйлдүүлэн барьж чадаагүй газрууд 20-25 хүүхэд тутам хичээл хийх өвлийн гурван давхар бүрээстэй, найман ханатай, эсгий гэр, битүү давхар дэвсгэртэй, бас шөнийн цагт унтах дэвсгэр, хөнжил, дээл хувцсыг агуулах мөн адил хэрэглэлтэй зургаан ханатай гэр, багшийн суух дөрвөн ханатай гэр, галч тогоочийн дөрвөн ханатай галын гэр тус бүр нэг, гурил, мах, будаа, цагаан идээ зэрэг хоол ундыг хүрэлцэхээр элбэг тоо хэмжээ тогтоож бэлтгэ хэмээн тушааж байжээ.
1927 оны дөрөвдүгээр сард засгийн газар Улсын гуравдугаар их хурлын шийдвэрээр сургуулийн бүх хүүхдэд баян хоосныг ялгахгүй хоол хүнсээр тэгш хангахаар шийдвэрлэсэн байна. Гэхдээ 70 бодоос дээш хөрөнгөтэй айл хүүхдийнхээ хувцсыг хошуунаас бус хувиасаа гаргаж байхаар шийдвэрлэжээ.
1927 оны бага сургуулийн сурагчдын бүртгэл