Энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-02 08:55:31

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. БНӨСУ-д явуулж байгаа НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсыг төлөөлөх хариуцлагатай үүргийг хүлээсэн Зэвсэгт хүчний 15 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний түрүүч өчигдөр Өмнөд Суданыг зорьжээ.


Бие бүрэлдэхүүнийг үдэн гаргах үеэр ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Б.Баатар үг хэлэхдээ “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 15 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ажиллагааны газар орныг зориход бэлэн боллоо. Та бүхэн ажиллагааны өмнөх бэлтгэл болон “Хааны эрэлд-2025” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хээрийн сургуулиар олж авсан мэдлэг, дадлага, ур чадвараа улам чамбайруулж ажиллагааны газар оронд өмнөх 14 дэх ээлжийн гаргасан амжилт, алдар хүндийг улам бататгаж, эх орон, ард түмнийхээ итгэлийг алдахгүй, өмнө тавьсан үүрэг, зорилго мадаггүй биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох үүрэг, хувь нэмэр асар их байдгийг цаг ямагт санаж, эх орон, Зэвсэгт хүчнээсээ өгөгдсөн үүрэг, даалгаврыг монгол цэргийн ёсоор биелүүлээрэй” гэжээ. 


Монгол Улсын Зэвсэгт хүчин 2012 оноос эхлэн Өмнөд Суданд цэргийн баг илгээж, өнгөрсөн 13 жилийн хугацаанд нийт 14 ээлж нэр төртэй үүргээ биелүүлсэн аж. Тэгвэл 15 дахь удаагийн ажиллагаанд цэрэг, цагдаа, онцгойгийн алба хаагчдаас бүрдсэн 850 хүний бүрэлдэхүүнтэй баг Өмнөд Суданыг зорьж байгаа юм.







Холбоотой мэдээ