Их, дээд сургуулиас чөлөө авагсад нэмэгдэж байгаагаас ажил хайгчдын тоо өсч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-11-11 15:17:32

Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт идэвхтэй ажил хайгч 1635 хүн бүртгэгджээ.

Сүүлийн саруудад ажил хайгчдын тоо эрс өсч байгааг тус газрын Хөдөлмөрийн хэлтсийн дарга Т.Батсүмбэр мэдээлэв. Түүний ярьж байгаагаар их дээд сургуулиас чөлөө авсан залуучууд ихээр нэмэгдэж байгаатай холбон тайлбарласан. Дээрх залуус олдсон ажлыг хийх хүсэлтэй ч зөөгч, ачигч, үйлдвэрийн туслах, харуул хамгаалалт, жолооч мэргэжлээр ажиллахаар бүртгүүлдэг гэнэ.

Ажил идэвхтэй хайгчдын дийлэнх нь бүрэн дунд боловсролтой, 25-34 насныхан байна. Тус хэлтэс одоогоор 900 гаруй иргэнийг ажилд зуучлаад байгаагийн 380 нь үйлдвэр, барилгын салбарт мэргэжлийн ажилд очжээ.

Санхүүгийн хүндрэлээс болж аж ахуйн нэгж байгууллагууд орон тоогоо цомхотгож байгаа энэ үед иргэдийг ажилд зуучлах ажил удаашралтай байгаа талаар холбогдох албаныхан ярьж байсан.

Ажил хайж бүртгүүлсэн хүмүүсийн 4 хувь нь дээд боловсролтой иргэд байна.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ