"Ногоон гэрэл цагаан шугам" тэмцээнд III сургууль тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-12 18:08:01

Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог “Ногоон гэрэл цагаан шугам” замын хөдөлгөөний гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийг сурталчлах, мэдлэг олгох танин мэдэхүйн тэмцээн энэ сарын 12-нд Сайншанд сумын  Хүүхдийн ордонд боллоо.

 Сурагчдын энэ чиглэлийн мэдлэг, танин мэдэхүйг сорьсон тэмцээнд Сайншанд сумын III, V сургууль, хөдөөгийн Алтанширээ, Даланжаргалан, Айраг, Дэлгэрэх  сумын ерөнхий боловсролын  сургуулийн нийт 70 орчим сурагч оролцож замын хөдөлгөөний мэндчилгээ, гэрийн даалгавар, багийн ахлагчдын сорил, буухиа  зэрэг төрлөөр мэдлэг чадвараа сорьж өрөлдөв.

Тэргүүн байрт  Сайншанд сумын Ерөнхий боловсролын III  сургуулийн “Эрч хүч” шалгарч шилжин явах цом мөнгөн шагналаар шагнуулсан бол дэд байрт Алтанширээ сумын Ерөнхий боловсролын сургуулийн “Жавхаа” баг, гутгаар байрт Дэлгэрэх сумын Ерөнхий боловсролын сургуулийн “Хүчит шонхор” баг тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

Дашрам дурдахад  өнгөрөгч жил зохиогдсон “Ногоон гэрэл цагаан шугам”  тэмцээнд Замын-Үүд сумын II сургуулийн сурагчид тэргүүлж байжээ.

Тэмцээнийг Дорноговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс санаачилж Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулав.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ