Зөвлөлгөөний гол зорилно нь залуу боловсон хүчнийг төлөвшүүлэхэд чиглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 14:59:19

Сэлэнгэ аймгийн төрийн албанд 5801 төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 2456 буюу 42.5 хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлж байгаа аж. Аймгийн Төрийн албаны салбар зөвлөл 2014 оныг “Төрийн албан хаагчийн ажлын хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх жил” болгон зарлаж ажлаа дүгнэсэн бол 2015 оныг “Төрийн албан хаагчийн мэдлэг чадвар, ёс зүйг эрхэмлэх жил” болгон ажил үйлчилгээгээ явуулж байна.

Сэлэнгэ аймгийн залуу төрийн албан хаагчдын уулзалт, зөвлөлгөөн аймгийн төв Сүхбаатар суманд анх удаа боллоо. Энэ сарын 9-нд болсон энэхүү зөвлөгөөнийг “Сэлэнгэ сайхан нутаг” залуучуудын клуб санаачлан, аймгийн Төрийн албаны салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулжээ.

Зөвлөлгөөнд аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Засаг даргын орлогч Н.Батдорж, ЗДТГ-ын дарга, аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Ө.Сувдаа болон зөвлөлийн гишүүд, 17 сум, агентлагуудын 35 хүртэлх насны залуу төрийн албан хаагчид оролцлоо. Зөвлөлгөөний эхэнд аймгийн Засаг дарга С.Бүрэнбат залуучууддаа мэндчилгээ дэвшүүлэн, хийж байгаа ажилдаа эзэн байх, сэтгэлтэй байх, хэн нэгний үгээр биш өөрөө өөрийнхөөрөө байхыг гол зорилгоо болгон ажил үйлчилгээгээ иргэн хүний төлөө гэсэн чинь сэтгэлээр явуулахыг хүсэж, зөвлөгөөнд амжилт хүссэн. Үүний дараа аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн ажил үйлсийн тухай товч танилцуулгыг ЗДТГ-ын дарга, аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Ө.Сувдаа хийв. Харин төрийн албан хаагчийн эрх үүрэг, ажлын байрны тодорхойлолт болон бусад төрд ажиллаж байгаа залууст зайлшгүй хэрэг болох чухал сэдвүүдээр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Ц.Баатарсайхан лекц уншиж, оролцогчдын сонирхсон асуултанд хариуллаа.

Энэ удаагийн төрийн залуу албан хаагчдын уулзалт зөвлөлгөөн нь шинэ шинэлэг сэтгэлгээгээр ажиллах, өмнөх үеэсээ суралцаж, ахмад, залуу, хойч үеийн холбоо харилцааг бэхжүүлж, шинэ залуу боловсон хүчнийг төлөвшүүлэх үндсэн гол зорилтыг агуулсанаараа онцлог болж байлаа. Залуу хүний хурц дайчин, шийдэмгий байдал, шинийг хийж бүтээх гэсэн их тэмүүлэл энэхүү зөвлөлгөөнөөс хурц үнэртэж байв.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ