ХНС: Инфляцын үед бодлогын хүүг бууруулсан шалтгаан
ТОЙМ
УЛААНБААТАР, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Санхүүгийн ихэнх шинжээчдийн таамаглаж байсанчлан АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан /ХНС/ лхагва гарагт бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулж, 4.0-4.25 хувь болгосон нь өнгөрсөн оноос хойших хүүг бууруулах анхны шийдвэр байлаа.
Ерөнхийлөгч Д.Трамп дэлхийн бараг
бүх улсад худалдааны дайн зарлаж, импортын татварыг нэмэгдүүлэх шийдвэр
гаргасан нь инфляц болон эдийн засагт хэрхэн
нөлөөлөх нь тодорхойгүй байсан тул ХНС хүүг бууруулахаа түр азнаад байсан юм.
Шинжээчдийн таамаглаж буйгаар, он дуусахаас өмнө ХНС хоёр ч удаа хүүг бууруулж, 3,5-3,75 хувь болгож магадгүй байна. Гэхдээ эл шийдвэр энэ ондоо АНУ-ын эдийн засагт төдийлөн нөлөөлөхгүй, харин ирэх оноос нөлөө нь илт мэдрэгдэх ажээ. Хүүг ийнхүү ойр ойрхон бууруулах болсны шалтгаан нь юуны түрүүнд Америкийн хөдөлмөрийн зах зээлд үүссэн нөхцөл байдалтай холбоотой. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сард хөдөө аж ахуйгаас бусад салбарт ажлын байрны тоо ердөө 22 мянгаар нэмэгдсэн байна. Гэтэл эдийн засагчид 75 мянгаар өснө гэж таамаглаж байсан юм. Мөн 8 дугаар сард ажилгүйчүүдийн тоо 1,5 хувиар нэмэгдсэнээс /1 хувиар нэмэгдэнэ гэж таамагласан/ үүдэн ажилгүйдлийн түвшин 4,3 хувьд хүрсэн нь 2021 оны 10 дугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Ийм учраас бодлогын хүү өндөр байгаагаас үүдэн ажилгүйдэл цаашид нэмэгдэх явдлыг зогсоохын тулд зохицуулагч байгууллагын зүгээс зохих арга хэмжээ авсан нь бодлогын хүүг бууруулах шийдвэр байлаа.
Өмнө нь Д.Трампын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаад ХНС-гийн удирдах зөвлөлийн шинэ гишүүнээр мягмар гарагт сонгогдож, тангараг өргөсөн Стивен Миран бодлогын хүүг 50 суурь нэгжээр бууруулах санал гаргасан боловч хүүг тодорхойлдог Холбооны нээлттэй зах зээлийн хорооны бусад 11 гишүүн 25 суурь нэгжээр бууруулахыг дэмжсэн байна. Бодлогын хүүг бууруулах, ингэснээр зээлийн хүүг багасгах нь шинээр ажлын байр бий болгох, хэрэглээг өсгөх зорилгоор Төв банкуудын ашигладаг арга хэрэгсэл билээ. 2023 оны 7 дугаар сараас 2024 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд ХНС-гийн бодлогын хүү сүүлийн 20 жилийн хамгийн өндөр түвшинд буюу 5,25–5,5 хувьтай байлаа. Шалтгаан нь, ковидын үеэр эдийн засгийг дэмжихийн тулд их хэмжээний мөнгийг гүйлгээнд гаргаснаас үүдэн инфляц гаарсан учраас түүнийг тогтоон барихын тулд бодлогын хүүг ийнхүү өндөр түвшинд хадгалж байв.
Стивен Миран
Сүүлийн үед ХНС-гаас явуулж буй энэ бодлого Ерөнхийлөгч Д.Трампын анхааралд өртөөд байгаа бөгөөд тэрбээр бодлогын хүүг бууруулах явц удаан байгаад дургүйцэж, бодлогын хүүг тодорхойлдог Холбооны нээлттэй зах зээлийн хорооны зарим гишүүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө хална гэж сүрдүүлж байв. Бодлогын хүү хэт өндөр байгаад Ерөнхийлөгч ХНС-гийн захирал Жером Пауэллыг буруутгаж “IQ нь хийж буй ажилтай нь тохирохгүй хүн” хэмээн шүүмжилж байсан удаатай. Мөн инфляц буурч, бодлогын хүүг бууруулах боломж бий болсоор атал Ж.Пауэлл үүнийг хийхгүй байгаагийн улмаас иргэд ипотекийн зээл авч чадахгүй байна, үүгээрээ ХНС-гийн тэргүүн орон сууцны салбарт гай тарьж байна гэж The Truth Media нийгмийн сүлжээний хуудсандаа бичиж байв. Гэтэл бодит байдал дээр Трампын тариф аль хэдийн хэрэглээний үнэд нөлөөлөөд эхэлсэн бөгөөд наймдугаар сард инфляц 3 орчим хувьд хүрсэн нь зорилтот түвшин болох 2 хувиас давжээ.
Инфляц өсөж буй үед ийнхүү бодлогын хүүг бууруулсан нь олон хүний гайхшралыг төрүүлсэн нь мэдээж, гэхдээ энэ удаад инфляцын өсөлтийн шалтгаан нь өмнөх жилүүдийнхээс өөр, бүтцийн шинжтэй биш гэж үзээд бодлогын хүүг бууруулахаар шийдвэрлэсэн бололтой.
Улмаар ХНС-гийн бодлогын хорооны хурал ойртохын хэрээр Ерөнхийлөгч ба ХНС хоорондын зөрчил хурцдаж, Д.Трамп ХНС-гийн удирдах зөвлөлийн гишүүн Лиза Кукийг “үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа луйвар хийсэн” гэж буруутган албан тушаалаас нь халахаар оролдсон байна. Гэвч Вашингтоны Холбооны шүүх болон Давж заалдах шатны шүүхээс Кукийг бодлогын хүүг тодорхойлох хуралдаанд оролцуулахыг зөвшөөрсөн захирамжийг хэвээр үлдээжээ.
Файнэншл Таймс сонинд бичсэнээр, ирэх 2026 онд хэд хэдэн удаа бодлогын хүүг бууруулах магадлал өндөр байгаа бөгөөд энэ нь ХНС-гийн дэргэдэх Холбооны нээлттэй зах зээлийн хороон дахь Д.Трампын нөлөө нэмэгдэж буйтай холбоотой.
Түүний шийдвэрээр ХНС-гийн шинэ тэргүүнийг ирэх оны тавдугаар сард томилох тул бодлогын хүүг бууруулах тал дээр Ерөнхийлөгчийн зүгээс шахалт ирэх нь ойлгомжтой. Энэ бол хамгийн том эрсдэл бөгөөд бодлогын хүү ойр ойрхон буурах аваас Америкийн эдийн засагт “инфляцын шоок” үүснэ.
Энэ бүхнээс үүдэн хүүг бууруулах энэ
удаагийн шийдвэрт Трамп нөлөөлсөн гэж зах зээлд оролцогчид санаа зовниж байгаа
бол шийдвэр гаргахад юуны түрүүнд хөдөлмөрийн зах зээлд үүссэн нөхцөл байдал
нөлөөлсөн ба ХНС-гийн бие даасан статусыг Дээд шүүх дэмжиж буйг зарим шинжээч онцолсон
байна.
Эцэст нь тэмдэглэхэд, нэг талаас,
ажил эрхлэлтийг дэмжихийн тулд бодлогын хүүгээ бууруулах, нөгөө талаас, инфляц
өссөн тохиолдолд түүнийг сааруулахын тулд бодлогын хүүгээ өсгөх гэсэн хоёр сонголт
буюу алх дөшний дундуур ХНС орчихоод байна гэж USA Today сонинд дүгнэн бичжээ.
Ямартай ч энэ удаад бодлогын хүүг
өсгөх нь тодорхой болсон тул Холбооны нээлттэй зах зээлийн хорооны хуралдааны
өмнө Америкийн хувьцаануудын ханш өсөөд байлаа. Учир нь, бодлогын хүүг бууруулснаар
хөрөнгө оруулалтын зарим хэсэг нь өрийн бичгээс хувьцаа руу шилждэг. Дээрх
хуралдааны өмнөхөн S&P 500 индекс 6600 нэгжээс давсан бол Nasdaq хэд
хэдэн рекорд тогтоолоо. Долларын ханш буурснаар алтны үнэ өсөж, 12 дугаар сарын
фьючерс хэлцлийн үнэ 3735 унц/долларт хүрсэн бол үүнийг дагаад мөнгөний үнэ
сүүлийн 40 жилийн хугацаан дахь дээд үзүүлэлт буюу 40 доллароос давсан
байна.
Харин газрын тосны үнэд өөрчлөлт гарсангүй, сүүлийн 9 долоон хоногийн туршид ханш 65-аас 70
долларын хооронд хэлбэлзэж байгаа юм.