Камчаткт дахин газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-09-19 15:27:17

ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 19 /DW/. Пүрэв гаргийн орой Камчаткийн эрэгт хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд газар хөдлөлтийн голомт нь Петропавловск-Камчатск хотоос хойд зүгт 100 орчим км-ийн зайд, 10 орчим км-ийн гүнд байсан тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.


АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлтийн хүч нь 7,8 магнитуд байсан бол үүний дараа 5,8 хүртэлх магнитудын хүчтэй чичирхийллүүд бүртгэгдсэн байна. Харин Оросын ШУА-ийн Геофизикийн албанаас газар хөдлөлтийн хүч 7,4 магнитуд байсныг мэдээлжээ. Камчаткийн захирагч В.Солодовын мэдэгдсэнээр, 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.


Газар хөдлөлтийн үеэр цунамигийн аюулын сэрэмжлүүлгийг хэд хэдэн удаа өгсөн бөгөөд цунамигийн давалгаа эрэгт хүрсэн боловч ямар нэгэн эвдрэл сүйрэл гараагүй байна. Цунамигийн аюулын сэрэмжлүүлгийг цуцалжээ.


Өмнө нь долоодугаар сарын 30-нд Камчаткийн хойгт 8,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь сүүлийн 14 жилд дэлхийд болоогүй, 1952 оноос хойш тус бүс нутагт болоогүй байгалийн үзэгдэл байсан юм. Уг газар хөдлөлтөөс хойш хоёр долоо хоногийн туршид нэлээд хүчтэй чичирхийллүүд үргэлжилсэн билээ.  

 

Холбоотой мэдээ