Шинэ Зеландад дахин газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-11-14 12:18:20

ВЕЛЛИНГТОН./ВВС/. Шинэ Зеландын Өмнөд аралд хоёр хүний аминд хүрсэн хүчтэй газар хөдлөлт болсноос хэдхэн цагийн дараа 6.3 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Орон нутгийн цагаар даваа гарагийн өдрийн 13:45 цагт 10 км-ийн гүнд дахин газар хөдлөлт болжээ.

Өнөө өглөөний үүрээр тус газарт мөн 10 км-ийн гүнд 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм.

Холбогдох албаны хүмүүс Өмнөд арлын зүүн эрэг дагуу аврах ажиллагаа явуулж, оршин суугчдыг нүүлгэж шилжүүлж байна. Газар хөдлөлтийн улмаас байшин барилгууд болон зам талбай эвдэрч сүйтгэгдсэн гэсэн мэдээлэл байна.

Тэнд газар хөдлөлтийн дараах түлхэлт хэдэн зуун удаа мэдрэгдэж, гэрэл цахилгаан тасарч, усны нөөц хомсджээ.

Шинэ Зеланд нь газар хөдлөлтөнд өртөмтгий улсуудын нэг юм. 2011 онд тус улсын Крайстчерч хотод газар хөдлөлт болсны улмаас 185 хүн амиа алдаж, хотын төв тэр чигээрээ эвдрэн сүйрч байжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ