СҮХБААТАР: 2075 онд нээх цаг хугацааны бортогыг битүүмжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-09-23 14:30:56

Баруун-Урт, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн ууган сургууль болох Д.Сүхбаатарын нэрэмжит ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн түүхт 100 жилийн ойн хүрээнд хийж буй олон үйл ажиллагаанаас хамгийн сонирхолтой нь 2075 он руу илгээх цаг хугацааны бортого юм.


Тодруулбал, өнгөрсөн болон өнөөдрийн түүхээ бичиж, битүүмжлэн илгээх бортогыг 50 жилийн дараа л нээх боломжтой.

Тусгайлан бэлтгэсэн хайрцагт сургуулийнхаа 50 жилийн дараах багш ажилтнууд, сурагчдадаа зориулсан түүх, захиасаа битүүмжлэн хадгалж, сургуулийн хашаанд буюу газар дор байршуулж хадгална.



Ингэснээр сургуулийн 150 жилийн ойгоор буюу 2075 онд тухайн үеийн нэгдүгээр сургуулийн багш ажилтан, сурагчдад өнгөрсөн 50 жилээс өөрсдөд нь зориулан илгээсэн захиас даалгаврыг уншиж түүхэн цаг хугацаагаар аялах юм.


Цаг хугацааны бортого нь гадны хөгжилтэй улс орнуудад өргөн дэлгэрсэн байдаг бөгөөд орон нутагт анх удаа хийж буй уг санаачилгыг сургуулийн захирал гаргаж, залуу багш нар гардан гүйцэтгэж буй ажээ

Холбоотой мэдээ