Шатрын өсвөрийн ДАШТ-д Монголын 27 шатарчин өрсөлдөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Казахстаны Алматы хотод өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
50 жилийн түүхтэй энэхүү тэмцээнд 87 орны 800 гаруй шатарчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас таван дасгалжуулагчийн удирдлагад 27 тамирчин оролцож байна. 8, 10, 12 насны ангиллаар зохион байгуулж энэхүү тэмцээний нээлтэд Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Аркадий Дворкович үг хэлэхдээ, “Тив болон улсаасаа шалгарсан 800 гаруй өсвөрийн шатарчин өрсөлдөж байгаа нь тэмцээний нэр хүндийг илтэгж байна. Бүгд шилдэг тамирчин учраас хожих, хожигдох байх л асуудал. Тиймээс аль чадахаараа найз нөхөдтэй болж, дурсамж бүтээхийг нийт тамирчдад уриалж байна” гэжээ.
Тэмцээний эхний таван өргийн дараа охидын 10 насны ангилалд кандитат мастер Ч.Нандинжигүүр тэргүүлэгчдийн эгнээнд явж байна. Түүний хувьд эхний таван өрөгтөө бүгдэд хожиж, таван оноогоо бүтэн авчээ. Тэгвэл охидын 12 насанд кандитат мастер И.Цэлмүүн, Н.Энхрийхэн нар 4.0 оноотой шилдэг 10-т багтаж байгаа юм. Хөвгүүдээс 10 насанд Д.Төгсбилгүүн 10 дугаар байрт яваа нь хамгийн өндөр амжилт аж. Шатарчид дахин зургаан өрөг тоглосны дараа медальтнууд тодорно.
Өсвөрийн шатарчдын ДАШТ-ээс манай улс түүхэндээ 13 медаль хүртсэн байдаг. Тодруулбал, дөрвөн алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медаль авчээ. Анхны медалийг 2001 онд гавъяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул эх орондоо авчирч байв. Тэгвэл анхны алтан медалийг одоогоос 15 жилийн өмнө их мастер Д.Номин-Эрдэнэ олимпын нутаг Грекээс зүүсэн билээ.