"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар томилох хүн тодормогц ТУЗ хуралдана гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-15 11:49:58

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Уг тогтоолын төсөлд 2017 оны төсөв батлагдсантай холбогдуулан хууль, эрх зүйн орчныг сайжруулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын менежментийг сайжруулах талаар дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгож байгаа юм. Энэ хүрээнд бэлэглэлийн гэрээний бүртгэл болон бүртгэлийн байгууллага, нотариатын байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, татварын хөнгөлөлт, чөлөөлөтийг багасгах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, чиг үүрэг давхардсан Засгийн газрын тусгай сангуудыг татан буулгах зэрэг олон үүрэг чиглэлийг тусгасан юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлыг хэзээ томилох талаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатаар тодруулсан юм. Тэрбээр "Надад ирсэн мэдээллээр ирэх оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл "Эрдэнэт"-ийн одоогийн захирал ажлаа хийнэ гэж байна. Шинэ захирал томилогдох уу үгүй юу? Томилох бол хэзээ томилох вэ" гэлээ. Үүнд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат ""Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар томилох хүн тодорхой болмогц ТУЗ хуралдахад бэлэн байгаа" гэж хариулсан юм.

Энэ мэтчилэн асуулт хариулт өндөрлөсний дараа "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганаар хэлэлцүүлэхээр шилжүүлэв.

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан үүгээр өндөрлөв.

Н.Гантуяа

 

Холбоотой мэдээ