МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

Ц.Батбаатар: Гэрэл зургийн уламжлалт үнэ цэнийг хадгалан хөгжүүлэхэд бид анхаарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-08 14:33:45

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. "Монголын гэрэл зургийн үүсэл хөгжил 90 жил" олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр “Чингис хаан” үндэсний музейд боллоо. 


Энэхүү эрдэм шинжилгээний хуралд 23 илтгэгч оролцож байгаагаас зургаа нь гадаадын эрдэмтэн, доктор юм. Тус хурал нь гэрэл зургийн хөгжлийг шинжлэх ухааны үүднээс судлах, шүүмжлэх, судлаачдыг бэлтгэх зорилготой бөгөөд цаашид Монголын гэрэл зургийг дотоодод болон олон улсын түвшинд судлах, сурталчлах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж байна. 


Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Ц.Батбаатар ярихдаа, “Өнөөдөр Монгол Улсад гэрэл зургийн холбоо үүссэний 90 жилийн ой тохиож байна. Дэлхийд гэрэл зураг үүссэний 200 жилийн ой ирэх жил тохионо. Манай орны гэрэл зургийн хөгжлийг судалбал Азид тэргүүлэх байрт орно. Одоогийн судалгаанаас үзэхэд Монголд 1845 онд анхны гэрэл зургийг авсан түүхтэй. Энэ утгаараа бид гэрэл зургийн 180 жилийн түүхтэй ард түмэн юм. Манай уран бүтээлчид сүүлийн жилд социализмын бүтээн байгуулалтын үеийн гэрэл зургийг системтэй хөгжүүлж ирсэн. Өнөө үед залуу уран бүтээлчид бие даан суралцаж, БНХАУ, Япон, Америк  зэрэг оронд мэргэжил дээшлүүлж байна. Их, дээд сургуулийн сэтгүүл зүйн ангид гэрэл зургийн хичээл орж байна. Мөн СУИС-д гэрэл зургийн бие даасан анги байдаг. Сүүлийн үед хиймэл оюун ухаан гэрэл зургийн салбарт нэвтэрч байна. Гэвч жинхэнэ гэрэл зураг гэдэг хүний гараар авсан, амьд мэдрэмжтэй бүтээл байдаг. Тиймээс бид гэрэл зургийн уламжлалт үнэ цэнийг хадгалан хөгжүүлэхэд анхаарч байна” гэв.


Ташрамд дурдахад, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо 300 гаруй гишүүнтэй. Үүнээс  хамгийн залуу нь 18 настай бол  ахмад нь 90 настай гэрэл зурагчид байна. 









Холбоотой мэдээ