БУЛГАН: “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд 1000 гаруй мод бут тарилаа
ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ТЭРБУМ МОД
Баян-Өндөр, 2025 оны аравдугаар сарын 12/ МОНЦАМЭ/. Хойд бүсийн Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Ой хээрийн түймрээс сэргийлэх сургалт судалгаа, туршилт үйлдвэрийн төв ОБЕГ-ын 123 дугаар анги, Хялганат тосгоны ЗДТГ, Сум дундын ойн анги, Канад сан хамтран бүх нийтээр мод тарих үйл ажиллагааг зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Хялганат тосгоны захирагч П.Отгондаваа, Онцгой байдлын Ой хээрийн түймрээс сэргийлэх сургалт судалгаа туршилтийн төв 123 дугаар ангийн захирагч, хурандаа Г.Ганбаатар, Канад сангийн орон нутгийн санаачилгыг дэмжих зохицуулагч А.Баярдэлгэр болон нутгийн иргэд, албан хаагчид оролцлоо.
Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сан нь Канадын Засгийн газраас хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжсэн тусламжийн хөтөлбөр бөгөөд дэлхийн 100 гаруй улсад хэрэгжиж байна.
Уг хөтөлбөр нь ардчилал, сайн засаглалыг хөгжүүлэх, хүний эрх, суурь хэрэгцээг хамгаалан баталгаажуулахад чиглэсэн орон нутгийн санаачилгыг Канадын ЭСЯ-аар дамжуулан дэмжин, санхүүжүүлэх зорилготой.
Канад сан 1997 оноос хойш Монгол Улсад 8 сая гаруй канад долларын 500 гаруй төслийг хэрэгжүүлсэн ба дийлэнх нь ядуурлыг бууруулах, сайн засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалахад чиглэсэн байна.
Хялганат тосгоны Ой хээрийн түймрээс сэргийлэх сургалт судалгаа, туршилт үйлдвэрийн төв 123 дугаар анги нь шинээр байгуулагдаад жил гаруй болж буй бөгөөд 60 гаруй албан хаагчидтай үйл ажиллагаа явуулж байна.
Тус хамт олон өөрсдийн санал санаачилгаар Канад санд төсөл бичин 16 төслөөс шалгаран “ Ногоон ирээдүй ойн нөхөн сэргээлтэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Өнөөдөр нийт 200 гаруй сурагч иргэд, албан хаагчдын оролцоотойгоор 1000 гаруй алимны мод, шар хуайс, нарс зэрэг мод бутыг тарилаа.