К.Роналду гоолын тоогоор шинэ дээд амжилт тогтоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЛИСБОН, 2025 оны аравдугаар сарын 15 /BBC/. Унгарын шигшээ багтай хийсэн тоглолтод Криштиану Роналду хоёр гоол оруулснаар шинэ дээд амжилт тогтоосон боловч тоглолт тэнцээгээр өндөрлөсөн тул Португалын шигшээ баг 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ оролцох эрхээ баталгаажуулж чадсангүй.
Өдгөө 40 настай К.Роналду ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад 41 гоол
оруулснаар өмнөх дээд амжилтын эзэн Гватемалын шигшээ багийн довтлогч асан
Карлос Руизийн /39 гоол/ тогтоосон амжилтыг шинэчилжээ.
Ташрамд дурдахад, Английн шигшээ баг Латвийг 5:0-ээр буулган авснаар К
хэсгээс шалгарсан бол Португал ирэх зун Канад, Мексик, АНУ-д болох ДАШТ-д оролцох эрхээ баталгаажуулахын тулд дахин тоглолт хийх шаардлагатай боллоо. Португалчууд
ирэх арваннэгдүгээр сарын 13-нд Дублинд Ирландын багтай тоглоно.
Лисбон хотноо болсон тоглолтод Унгарын шигшээ баг найм дахь минутад Аттила Сзалайн оруулсан гоолоор онооны харьцааг тэргүүлж эхэлжээ. Харин К.Роналду 22 дахь минутад Нелсон Семедогийн дамжуулалтаар онооны харьцааг тэнцүүлсэн байна. Дараа нь К.Роналду хөлбөмбөгчний замналынхаа 948 дахь гоолоо, шигшээ багийнхаа бүрэлдэхүүн дэх 143 дахь гоолоо оруулжээ. Гэсэн хэдий ч Доминик Собослаин 90+1 минутад оруулсан гоол Унгарын шигшээ багийн хувьд хэсгээ тэргүүлэх итгэл найдварыг хадгалж үлджээ.
К.Роналду 22 жилийн турш шигшээ багтаа хүчин зүтгэхдээ Португалыг 2016 онд Европын аварга шалгаруулах тэмцээн болон УЕФА-гийн Үндэстний лигт хоёр удаа түрүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм. 2006 онд Португал ДАШТ-ий хагас шигшээд шалгарах үед тэрбээр цомыг өргөхөд хамгийн их ойртсон боловч Франц, Германы багуудад хожигдож байв.