Худалдаж авсан хувцаснаас нь үхсэн хулгана олдсон учир “Zara”-г шүүхэд өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-11-16 12:02:13

ВАШИНГТОН. /AP/. Худалдаж авсан хувцасных нь захан дотор үхсэн хулгана олдсон учир нэгэн эмэгтэй “Zara” жижиглэнгийн худалдааны компанийг шүүхэд өгсөн байна.

Манхэттен дүүрэгт амьдардаг 24 настай Кайли Фиесэл нь 7 дугаар сард Коннектикут муж улсын  Грийнвич хот дахь “Zara”-гийн дэлгүүрээс хоёр хувцас худалдан авсан байна. Хэдэн долоо хоногийн дараа тэрбээр 40 доллараар худалдаж авсан хувцсаа анх удаа өмссөн бөгөөд шинэ хувцаснаас нь сонин өмхийрсөн юм шиг үнэр гарч байгааг мэдэрчээ.

Тэрбээр “Суудлаасаа босоод эргэн тойрондоо алхсан ч уг муухай үнэр нь салахгүй байсан” хэмээн Манхэттен дүүргийн Дээд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бичжээ.

Тэрбээр цааш хэлэхдээ “Дараа нь би хувцасны зах хэсгийг нь бариад үзэхэд нэг төрлийн мэдрэгч төхөөрөмж байгаа юм шиг санагдсан. Ингээд би хувцасны оёдлыг нь задалж үзтэл ямар нэг мэдрэгч төхөөрөмж биш харин үхсэн хулгана байсан. Би айсандаа хөдөлж чадахгүй байсан. Би маш их цочирдсон. Харж байгаа зүйлдээ итгэж чадахгүй байсан” гэжээ.

24 настай Фиесэл шүүхийн нэхэмжлэлдээ мэрэгч амьтнаас гаралтай өвчин байж болох том том тууралтууд түүний биеэн дээр гарсан бөгөөд мөн сэтгэл санааны хямралд орсон гэж бичсэн байна.

Тус компанийн Америк дахь хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр “Zara” компани уг заргын тухай мэдэж байгаа бөгөөд нарийн зүйлсийг тодруулахаар ажиллаж байгаа ажээ.  

Мөн тэрбээр “Zara” компани нь эрүүл мэнд, аюулгүй байдлын стандартыг хатуу мөрддөг бөгөөд манай бүх бүтээгдэхүүн эдгээр стандартуудыг хангасан байхыг бид чухалчилж хичээнгүйлэн ажилладаг” гэжээ.

Х.Сарнай

Холбоотой мэдээ