Их зохиолч Д.Нацагдоржийн зохиол бүтээлийн гар бичмэлийг үзүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГОрчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг яруу найраг, үргэлжилсэн үг, жүжгийн нэрт зохиолч, орчуулагч, төр нийгэм, улс төрийн болон соёлын зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан “Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээл” үзэсгэлэнг маргааш Монголын Үндэсний музейд нээнэ.
Ойн хүрээнд түүний амьдрал үйл хэрэг, уран бүтээлийг ард иргэд, хойч үеийн залуустаа таниулах олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь тус үзэсгэлэн юм.
Үзэсгэлэнд Д.Нацагдоржийн олонд танигдсан “Миний нутаг”, “Үзэгдээгүй юм” зэрэг зохиолын гар бичмэл, “Капитал”, “Алтан цох” зохиолын орчуулга, Д.Нацагдоржийн хэрэглэж байсан “Орос-Монгол хэлний нэр томъёоны тайлбар толь”, ховор нандин гэрэл зураг, их зохиолчийг мөнхжүүлсэн 150 гаруй үзмэр, эд өлгийн зүйлсийг дэлгэх юм.
Их зохиолч Д.Нацагдорж авьяаслаг зохиолч төдийгүй өрнө, дорно зүгийн гадаадын хэд хэдэн хэлийг төгс сайн эзэмшсэн, үндэснийхээ түүх соёлын талаар мэдлэг өндөртэй хүн байлаа. Эх орныхоо түүх, соёл судлалын ажлыг удирдаж байхдаа Монголын археологийн дурсгалуудыг бүртгэж, карт бичиж тэмдэглэх ажлыг санаачлан эхлүүлж, улсын музейг шинэ үзмэрээр хэрхэн баяжуулах талаар өөрийн мэдлэг боловсролоо зориулж явжээ. Мөн тэрээр МХЗЭ-ийн Төв Хорооны хэвлэл “Залуучуудын үнэн” сонинд зохиол бүтээлээ “Үзэг” хэмээх нууц нэрээр болон өөрийнхөө жинхэнэ нэрээр хэвлүүлж, латин үсгийн дүрмийг санаачлан зохиож, гадаадад захиалах бичгийн машины үсгийн хэлбэр маягийн талаар санал боловсруулж, Монгол хүний хурууны даралт, бичиж зохих онцлогийг судалж, түүний үсгийн тэмдэгт хэрхэн ямар байдалтай байхыг зохион судалж гаргасан анхны зохион бүтээгчдийн нэг байв.
Ж.Болор