Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ-ийг удахгүй хүлээлгэн өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-12-20 09:16:30

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар нэмэгдэж байна.


Хэрэв энэ хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд хотын гол гудамж, замын ачаалал оргил бус цагийн үед ч автомашины дундаж хурд 5 км/цаг хүртэл багасах тооцоог НЗДТГ мэдээлжээ. Иймд нийслэлийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд авто замын сүлжээг өргөтгөх, шинэ төслүүд хэрэгжүүлэхээр тусгасны нэг нь “Шинэ тойрог зам” бөгөөд төслийг хоёр чиглэлд хэрэгжүүлэх юм.


Эхний буюу Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээж авч байна. Харин Хоёрдугаар тойрог зам нь хотын захын бүсийн дэд төвийг хамарч баруун, зүүн чиглэлээр Туулын хурдны зам, Нэгдүгээр тойрог авто замын төсөлтэй холбогдож хэрэгжинэ. Баруун чиглэл 22-ын товчооноос Тахилт, Найрамдлын зам, Нарангийн гудамжны төгсгөл, Улаанчулуутын хогийн цэг орчмоор өнгөрч, Баянхошууны уулзвар орчимд Нэгдүгээр тойрог замтай холбогдохоор төлөвлөсөн. Зүүн чиглэл Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн орчим, Улиастай, Гачууртын чиглэлд үргэлжилж, Туулын хурдны замтай огтлолцох юм.


Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ-ийг хийж дуусгасан, тайлан хүлээлцэж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ