“Эрүүл хүүхэд-Аюулгүй хүнс” аян зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-11-23 13:42:34

Сургуулиудын ойролцоох жижиг дэлгүүрүүдэд шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байна гэсэн эцэг эх, багш нарын гомдлын дагуу Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар “Эрүүл хүүхэд- Аюулгүй хүнс” аяныг зохион байгуулав. Аяны хүрээнд хүнсний 8 төрлийн 21 бүтээгдэхүүнийг дэлгүүрээс авч лабораторид шинжлүүлжээ.

Шаардлага хангахгүй чанарын баталгаагүй, хадгалах хугацаа тодорхойгүй бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байхыг анхааруулсан сэрэмжлүүлэг зурагт хуудсыг сургууль, цэцэрлэгүүдээр тараасан байна.

Мөн хүнсний зах, дэлгүүрийн худалдагч, Гаалийн газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтарч өргөн хүрээний  ярилцлага-уулзалтыг зохиожээ.

-Энэ аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын газар торгож шийтгэхээ урьтал болголгүй бизнес эрхлэгчдээ дэмжих, тухайн бүтээгдэхүүний хор хөнөөлийг ойлгуулж хилээр оруулж ирэхгүй байх талаас нь зөвлөн туслах үүрэгтэй ажиллалаа. Үнэхээр анхааруулж хэлээд байхад шаардлага зөрчөөд байвал мэдээж хуулийн дагуу арга хэмжээ тооцох болно гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтуяа ярив.

Энэ нь дан ганц Мэргэжлийн хяналтын газрын хийх ёстой ажил биш, хил, гаальтай хамтарч шийдэх асуудал юм. Ирэх сард тухайн боомт дээр ажиллаж байгаа байцаагч нартаа сургалт хийхээр төлөвлөж байгаагаа ч тэрээр хэлж байсан.

Тэдний санаачилсан “Эрүүл хүүхэд-Аюулгүй хүнс” аяныг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын удирдлага сайшааж улсын хэмжээнд өрнүүлэхээр болжээ.

                                                                                                                                                 Б.Туяа

 

Холбоотой мэдээ