Залуус цас цэвэрлэх ажилд бусдыг уриалан дуудав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-11-23 17:05:09

Ойрын үед цас их орсноос Дорнод аймгийн төвд гулгаа халтиргаа ихэсч зам тээврийн осол нэмэгдэж байна. Энэ удаад аймаг орондоо үүсээд байгаа нөхцөл байдлыг мэдэрсэн залуус цас цэвэрлэх ажилд бусдыг уриалан дуудсан тухай сайн мэдээг дуулгаж байна.

Саяхны өдөр Хэрлэн сумын Иргэдийн  төлөөлөгчдийн хурлын МАН-ын бүлгийнхэн хотын иргэд олноор очдог “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчмын цасыг өөрсдийн сайн дураар цэвэрлэж, хотынхоо үзэмжид хувь нэмрээ орууллаа. Тэд энэ удаад цас цэвэрлэх багаж хэрэгслээ өөрсдөө бэлтгэн базааж ирсэн төдийгүй энэ ажилд аймгийн хурлын төлөөлөгчдөөс эхлээд аж ахуйн нэгжүүдийг араасаа дуудан дагуулж байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр уламжлав.

Чойбалсан хотын Захирагчийн захирамжийн дагуу албан байгууллага  аж ахуйн нэгжүүд гадна талбайн эргэн тойрон дахь 50 м орчмын цасыг цэвэрлэж байгаа ч нийтийн эзэмшлийн зам талбайн цас эзэнгүйдэн орхигдож, хүмүүс халтирч, унаж бэртэх аюул үүсээд байгаа юм. Иймд дээрх залуусын гаргасан уриалгыг хотын иргэд талархан хүлээж авч байна.

Энэ ажилд дуудагдсан дараагийн газар нь Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар байлаа. Энэ мэтчилэн албан газар байгууллагууд “Чойбалсан хотдоо тусалъя” аянд ээлж дараагаар нэгдэх гэнэ.

                                                                                                                                       Б.Туяа

Холбоотой мэдээ