Засаг дарга Ерөнхий консулын газраар зочилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-11-24 15:57:13

   Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан ОХУ-ын Тува улсын Кызыл хотод айлчлах үеэрээ Монгол Улсын Ерөнхий консулын газраар зочилсон байна.

Ерөнхий консулын газар нь 2001 онд байгуулагдсан ба одоо 6 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж, Ерөнхий консулаар Б.Ганцэцэг ажиллаж байна. Консулын тойрогт ОХУ-ын Тува улс, Хакасс улс, Алтайн хязгаар харъяалагддаг аж. Кызыл хотод эхнэр, нөхөр хоёрын аль нэг нь монгол, эсвэл хоёулаа монгол 20 гаруй гэр бүл амьдардаг байна. Мөн Тувагийн Улсын их сургуульд 30 орчим, Соёл урлагийн коллежид 11, Хакасс улсын Абакан хотод 6, Алтайн хязгаарт 50 орчим монгол оюутан суралцдаг байна. Эдгээр хотуудад Монгол Улсын харъяалалтай түр болон байнгын оршин суугчид олон байдаг аж.

“Консулын газрын үндсэн үүрэг нь тухайн улсад суугаа Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, хоёр улсын хамтын ажиллагааны чиглэлийн дагуу ажиллахад орших бөгөөд харъяалагдах тойрогт оршин сууж буй Монгол иргэд консулын газраа бүртгүүлж, холбоо харилцаатай байх нь чухал” хэмээн Ерөнхий консул Б.Ганцэцэг хэлээд Консулын газар нь бүхий л салбарт хоёр орны болон бүс нутгийн хоорондын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ