Сэлэнгэ аймгийн есөн сум цагаан зудтай, хоёр сум цагаан зудархуу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-30 10:53:26

Өчигдөр буюу энэ сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар тэргүүтэй ОБГ-ын ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.

Тус ажлын хэсгийнхэн өвөлжилт хүндэрсэн аймгуудын бодит байдалтай газар дээр нь танилцан үнэлэлт, дүгнэлт өгч, холбогдох арга хэмжээг авч яваа ажээ.

Сэлэнгэ аймгийн хувьд 9 сум цагаан зудтай, хоёр сум цагаан зудархуу байгаа. Одоогоос хэдхэн хоногийн өмнө 6 сум цагаан зудтай байлаа. Гэтэл цас нэмж орж зузаарснаас мал бэлчээрлэх боломжгүй болж, 3 сум нэмэгдээд байгаа юм. Эдгээр 9 сумын газар нутагт мөсөн суурьтай цасан бүрхүүл тогтсоноос үүдэн өвөлжилтөнд хүндрэл үүсээд байгааг ажлын хэсгийнхэнд танилцууллаа.

Уулзалтын үеэр Онцгой комиссын нарийн бичгийн дарга хурандаа М.Энх-Амар өвөлжилтийн бэлтгэлдээ анхааран Засаг даргын нөөцөөс 167 сая төгрөг гаргасан анхны аймаг Сэлэнгэ болж байна гэдгийг онцлон тэмдэглэж, Засаг дарга Ш.Оргилд сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаад талархлаа илэрхийллээ.

Аймгийн Засаг дарга Ш.Оргил “Засаг даргын нөөцийн хөрөнгийг аль болох хэрэгтэй юманд, хэрэгтэй хүнд нь зарцуулахыг зорьж байгаа” хэмээн хэлсэн юм. Мөн эргэж ирнэ гэсэн баталгаа байхгүй халуун цэг рүү явдаг ОБГ-ын ажилтан албан хаагчдын ар гэр, ахуй амьдралд санаа зовж явдагаа хэлээд “цалин хөлсийг нь нэмүүлэх” саналыг онцгой комиссын нарийн бичгийн даргад уламжилсан.

Дашрамд дуулгахад аймгийн Засаг даргаас ОБГ-ын ажилтан албан хаагчдын ар гэрт нь дэм болсон нэг ажил бол хөнгөлөлттэй үнээр нүүрс нийлүүлэх болсон явдал байгаа.

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга хурандаа М.Энх-Амар тэргүүтэй ОБГ-ын ажлын хэсгийг хүлээн авч уулзахад аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Болорзул, ХЭЗХ-ийн дарга Д.Ёндонжамц, СТСХ-ийн дарга М.Нарантуяа, аймгийн ОБГ-ын дарга Г.Баатар, мал эмнэлгийн хэлсийн дарга С.Ариунтөгс, МАА-н хэлсийн дарга Н.Бархас нар байлцлаа.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ