Эрдэнэдалай сум отрын мал өвөлжүүлэхгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬЭрдэнэдалай сумын ИТХ- ын тэргүүлэгчид хуралдаж энэ өвөл тус сумын нутаг дэвсгэрт оторчдыг өвөлжүүлэхгүй байх тухай тогтоол гаргажээ.
Зарим аймаг, сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчний голомт үүсч, зун намартаа хорио цээрийн дэглэм үргэлжилсээр байсан. Иймээс малын шилжилт хөдөлгөөнөөр дамжин өвчний дэгдэлт үүсэхийг үгүйсгэх аргагүй тул эрүүл бүсэд хамаарч байгаа Эрдэнэдалай сумын хувьд нутаг дэвсгэртээ отрын мал хүлээн авахгүй байх санал саналыг малчид дэвшүүлжээ. Тэд өөрсдийн саналыг гарын үсэг зурж баталгаажуулан баг бүрийнхээ ИНХ-ынхаа тогтоолын хамт сумын ИТХ- д хүргүүлсэн байна. Үүнийг сумын ИТХ- ын тэргүүлэгчид хэлэлцээд оторчдын хөл хөдөлгөөнд хянал тавих тухай тогтоолыг ийнхүү гаргажээ.Энэхүү тогтоолд малын өвчлөл дэгдсэн бүс нутгаас Эрдэнэдалай сумын нутаг дэвсгэрт мал оруулахгүй байх, мал сүрэгт өвчний ямар нэг шинж тэмдэг илэрвэл төр захиргааны байгууллагад хугацаа алдахгүй даруй мэдэгдэхийг сум, багийн Засаг дарга, малчдад даалгасан байна.
11 дүгээр сарын байдлаар Эрдэнэдалай сумын 1085 малчин өрхийн 435.5 мянган мал өөрийн сумын нутаг дэвсгэрт өвөлжиж байна. Үүн дээрТөв аймгийн Баян-Өнжүүл, Угтаал, Алтанбулаг, Сэргэлэн, өөрийн аймгийн Дэлгэрцогт, Сайнцагаан, Луус сум болон Улаанбаатар хот орчмын бүсээс 20 гаруй малчин өрх 21.6 мянган малтай оторлон иржээ. Эдгээр оторчдод сумын ИТХ- ын тэргүүлэгчдийн тогтоолыг танилцуулж, бэлчээр чөлөөлүүлэх ажлыг сумын ажлын хэсэг зохион байгуулж эхэлжээ.
Т. Отгонтуяа