“Мөсний загасчлал-2016” тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-02 12:47:31

Хэнтий аймгийн Дадал сумын Загасчдын клубээс санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөсний загасчлал-2016” сумын аварга шалгаруулах тэмцээн болжээ.

Тус сумын Балж голын Улаан эрэг хэмээх газарт явагдсан энэхүү тэмцээнд Дадал сумын иргэдээс бүрдсэн нийт 9 багийн 27 тамирчин оролцож, 1-р байранд Д. Мөнх-Од ахлагчтай “Сантайхаан” баг, 2-р байранд О.Эрдэнэчулуун ахлагчтай “Тулгат хишигтэн” баг шалгарч шагнагджээ.  Хамгийн том загас барьсан оролцогчийн төрөлд “Сантайхаан” багийн тамирчин А.Эрдэнэхүү 89см Амарын цурхай загас барьснаар тэргүүлсэн байна.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд зөв зохистой загасчлалаар дамжуулан байгаль хамгааллын арга хэлбэрийг нэмэгдүүлэх, иргэд загас сонирхогчдын загасчлалын чиг хандлагыг өөрчилж, зөв дадал хэвшилд сургах, байгаль орчны хууль эрх зүйн мэдээ, мэдээллээр хангах зэрэг олон талын ач холбогдол агуулсан нь “Мөсний загасчлал” тэмцээний гол онцлог юм.

Цаашид Дадал сумын Загасчдын клуб бие даасан үйл ажиллагаа явуулж, зуны Spining загасчлалын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх 6 сард зохион байгуулахаар тогтжээ. Тэмцээн нээлттэй хэлбэрээр зохион байгуулагдах аж.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ