ИТХ анх удаа 94 хувийн ирцтэй хуралдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн ИТХ шинээр бүрдсэнээс хойш гурав дахь удаагаа хуралдлаа. Ингэхдээ ирц өндөртэй, тодруулбал 35 төлөөлөгчийн 33 нь хуралдаа хүрэлцэн ирж, 94 хувийн ирцтэйгээр хуралдсан юм. Энэ нь 2016 оны төдийгүй 2012 оны орон нутгийн сонгуулиар бүрдсэн ИТХ- ын хамгийн өндөр ирцтэй нь буюу МАН, АН- ын бүлгийн төлөөлөгчид мөр зэрэгцэн сууж хуралдсан анхны хуралдаан болов.
2012 оны сонгуулиар бүрдсэн ИТХ анхдугаар хуралдаанаасаа эхлэн хэл ам дагуулж, хоёр намын бүлэг дангааршин хуралдсаар 4 жилийн хугацааг дуусгасан. 2016 оны орон нутгийн сонгуулийн дүнд бүрдсэн ИТХ- ын хувьд мөн л анхны хуралдааныг АН- ын бүлэг хууль бус хэмээн үзсэн тул хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Гэхдээ ИТХ- ын 35 мандатын 19- ийг авч олонхи болсон МАН хуралдааныг эхлүүлсэн бөгөөд тэдэн дээр МАХН- ын болон бие даан нэр дэвшигч нэмэгдэн 21 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж байсан юм.
Харин гуравдугаар хуралдаанд АН- ын бүлэг хүрэлцэн ирснээр ийнхүү ИТХ анх удаа 94 хувийн ирцтэй хуралдлаа. АН- ын бүлгийн төлөөлөгчдөд ИТХ- ын дарга С. Сүхбаатар төлөөлөгчийн үнэмлэх тэмдгийг нь гардуулж өгсөн юм.
Энэ удаагийн хуралдаанаар Дундговь аймгийн 2017 оны төсөв, Засаг даргын 2020 хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөр болон 2017 оны нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийг хэлэлцэн баталлаа.
Т. Отгонтуяа