Авто замын ажил түр зогсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 23:00:14

Увс аймгийн нутаг Үзүүрийн булгаас Завхан аймгийн Сонгино сум хүртэлх 135 км хатуу хучилттай авто замын ажлын далан босголт 90 гаруй хувьтай байна. Гэвч зам барилгын ажил түр зогсоод байна.

Энэ ажилд Увс аймгийн 27 жолооч ажиллаж байгаа бөгөөд цалин хөлсөө авч чадахгүйн улмаас ажлаа түр зогсоожээ. Энэ асуудлаар аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн компанийн төлөөлөлтэй ярилцаж, тодорхой хэмжээгээр зөвшилцөлд хүрсэн байна.

“Шинжаан шин фан” компанийн хувьд Увс аймагт “Гудамж” төсөл, Улаангомоос Үзүүрийн булаг чиглэлийн 195 км засмал замыг өөрийн хөрөнгөөр барьж гүйцэтгэсэн ба Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтаа бүрэн аваагүй байгаа аж. Иймээс ажилчдынхаа цалин хөлсийг тавьж чадахгүй байгаагаа тайлбарласан байна. Хэрвээ гүйцэтгэсэн ажлынхаа хөрөнгө оруулалтаа авч эхэлбэл тээврийн жолооч нар болон Увс аймгаас ажилласан бусад туслан гүйцэтгэгч нарт гэрээний дагуу ажлын хөлсийг нь өгөхөд бэлэн гэнэ.

Одоогийн байдлаар суурь далан, ус зайлуулах суваг, явган гүүр зэрэг хиймэл байгууламжийн бүрэн ажил дуус, цементээр бэхжүүлсэн суурийг зургаан километрт тавиад байна. Цаг агаар тогтуун байвал үргэлжүүлэн хагас сар орчим ажиллах боломжтой гэж гүйцэтгэгч компанийхан хэлж байв. Харин ирэх хавраас цементээр бэхжүүлсэн хучилтаа үргэлжлүүлэн тавьж, асфальтан хучилтаа давхар хийх юм байна. Ингэж ажлаа шахаж хийснээр ирэх оны 8-р сард 135 км засмал замын ажил бүрэн дуусах аж.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ