Зөвшөөрөлгүй таксийг иргэд өөгшүүлдэг гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-12-10 14:26:14

Дорноговь аймгийн хэмжээнд “Шанд жолоо” ХХК Сайншанд-Замын-Үүдийн чиглэлд такси үйлчилгээ эрхэлдэг бол Улаанбаатар-Сайншандын чиглэлд  албан ёсоор такси компани үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд голдуу хувийн машинтай иргэд такси үйлчилгээ эрхэлж буй.

“Албан ёсны зөвшөөрөлгүй, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй хувийн машинтай иргэд тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа нь осол аваар гаргах эрсдлийг бүрдүүлдэг.

Нөгөө талаар иргэд хот хүрээ явахаар  олон нийтийн сүлжээгээр зар тавьдаг, мөн баталгаагүй, албан ёсны зөвшөөрөлгүй, хувийн машинтай иргэдийн тавьсан зарын дагуу үйлчлүүлдэг нь тэднийг өөгшүүлэх нөхцлийг бий болгож байна.

Монгол Улсад мөрдөгдөж буй стандарт нормоор бол 250 км-ээс илүү замд тухайн тээврийн хэрэгслийг хоёр  жолооч ээлжилж барьж явах дүрэм журамтай хэдий ч хувийн машинтай жолооч нар  хол замд ганцаараа тээврийн хэрэгсэл жолооддог.

Тиймээс  Авто тээврийн төвөөс орон нутгийн замд хууль бусаар такси үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн үйл ажиллагаанд  хяналт тавих, авто тээврийн улсын байцаагчийг замын хөдөлгөөнд гаргаж ажиллуулах,  холбогдох торгууль шийтгэврийг тавьж ажиллаж байгаа” хэмээн тус аймгийн Авто тээврийн төвийн дарга Б.Хүдэрболд ярив. 

Х.Эрдэнэбулган 

Холбоотой мэдээ