“Бяцхан зөгий” хүүхдийн хадгаламж “мөнгөний авдар”-тай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-12 10:01:35

Хэнтий аймгийн Биндэр сумын “Сүлдэт-Өндөр” Хадгаламж зээлийн хоршоо нь “Бяцхан зөгий” хүүхдийн хадгаламжийн бүтээгдэхүүнээ бяцхан хүүхдүүддээ илүү ойртуулахын тулд Авдар хийлгэн хүргүүлж эхэлжээ.

“Бяцхан зөгий” хүүхдийн хадгаламж нь урт хугацаанд бага багаар мөнгөө хуримтлуулж, том болохоороо өөрт хэрэгтэй зүйлдээ зарцуулах зорилготой. Тус хоршооны хамт олон энэхүү хадгаламжийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлээд 4 жил гаруй хугацааг үджээ. Өнөөдрийн байдлаар хоршоонд нийт 322 “Бяцхан зөгий” эзэмшигч байгаа бөгөөд 352,089,282 төгрөгийн багцтай болоод байгаа аж.

2013 оны улсын шилдэг “Сүлдэт-Өндөр” ХЗХ нь үүсгэн байгуулагдаад 11 дэх жилдээ үйл ажилагаагаа явуулж байгаа бөгөөд эгнээндээ 574 гишүүнтэй, нийт 829 сая актив хөрөнгөтэй, 541 сая хадгаламжийн багцтай болжээ.

Хэнтий аймагт одоогоор Батширээт суманд Буман зоос, Өмнөдэлгэр суманд Зоос хүрд, Хэрлэн суманд Хэрлэн финас гэсэн ХЗХ-д үйл ажиллагаа явуулж байна.

Сонирхуулахад, Монгол Улсын хэмжээнд орон нутагт 277 хоршооны 43 мянган гишүүн байдаг бол дэлхийн хэмжээнд 109 орны 60500 ХЗХ-нд 228 сая хүн гишүүнчлэлтэй байдаг аж.

Д.Одонтунгалаг 

Холбоотой мэдээ