“Хатан зөгий” цех ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-12-12 10:57:04

Дорнод аймгийн төв Чойбалсан хотод “Хатан зөгий” нэртэй хүнсний шинэ цех ашиглалтад оров.

Тус цех нь орон нутгийнхаа хөрсөнд ургасан хүнсний төрөл бүрийн ногоог технологийн дагуу угааж цэвэрлэж, хэрчиж, чанах, ариутгах, савлах тоног төхөөрөмжөөр бүрэн хангагджээ. Шинэ үйлдвэр хоногт нэг тонн ногоо боловсруулж, төрөл бүрийн салат хийхээс гадна жимсний ундаа, компотыг хэрэглэгчиддээ нийлүүлнэ.

“Хатан зөгий” цехийн эрхлэгч Б.Нарангэрэл:

-Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбооны Дорнод салбарын гишүүн ногоочид  “Монгол ногоо” төсөлтэй зардал хуваах  зарчмаар хамтран ажиллах гэрээ байгуулж, тус цехийг байгууллаа. Манай аймагт энэ чиглэлийн үйлдвэр цех байхгүй. Бид  шинэ технологийн дагуу төрөл бүрийн ногооны салат, улаан манжингийн цэвэр жүүс, дарсан өргөст хэмх, кимчи, төрөл бүрийн жимсний компотыг хэрэглэгчдийнхээ гар дээр хүргэхэд бэлэн болоод байна. “Хатан зөгий” цехийг байгуулснаар  орон нутгийн хүнсний ногоочдоо дэмжих, хамгийн гол нь Дорнод нутгийн ард иргэдэд экологийн эрүүл чанартай бүтээгдэхүүнээр үйлчлэх гэхчлэн олон талын ач холбогдолтой юм гэж ярилаа. Үнэ өртгийн хувьд ч боломжийн гэж байсан.“Монгол ногоо” төсөл нь хүнсний ногооны салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, ногоочдын амьжиргааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, энэ төрлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, маркетинг нь боловсронгуй болгох зорилготой юм. Төслийг хэрэгжүүлэгч байгууллагаар Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо ажиллаж байна.

                                                                                                                        Б.Туяа

Холбоотой мэдээ