“Молли” дахин хэрэг илрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-13 11:28:41

Хэнтий аймгийн Батноров сумын төвд оршин суух иргэн З-ийн гэрт хулгай орж, хуучны 3 ширхэг хөөрөг, 10 хайрцаг тамхи алдагдсан гэх хэргийг  "Молли" дуудлагатай албаны эрэлч нохой илрүүлжээ.

Тодруулбал, 2016 оны 12 дугаар сарын 07- 08-нд шилжих шөнө иргэн З-ийн гэрт орж хулгай хийсэн этгээдийн гутлын мөрний үнэрийг хөөн сэжигтэн этгээд О-г таньж, хулгайн эд зүйлийг нуусан газрыг илрүүлсэн байна.

Тус хэрэг дээр эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Ж.Батжаргалаар ахлуулсан, мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Ганхуяг, шинжээч, цагдаагийн дэслэгч Т.Төгөлдөр, туслах төлөөлөгч цагдаагийн ахлах ахлагч О.Түмэнжаргал, цагдаа-жолооч, цагдаагийн ахлагч И.Эрдэнэтогтох нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг очиж, хэргийг халуун мөрөөр нь илрүүлэн ийнхүү шалгаж эхэллээ.

"Молли" дуудлагатай албаны эрэлч нохойг цагдаагийн ахлах ахлагч О.Түмэнжаргал сургадаг бөгөөд өмнө нь мөн хулгайн гэмт хэргийг илрүүлж байсан туршлагатай аж.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ